
Өнөөдөр АН-ын өмнө тулгарсан асуудал зарим талаар 1996 оныг санагдуулж байна. Тэгэхэд ардчиллынхан төсөөлөөгүй ялалтдаа барьц алдаж, шинэ Засгийн газрыг бүрдүүлэх сайд нарын эрэлд мордож байсан юм. Харин одоо парламентын сонгуульд тооны илүүгээр давамгайлсан ч дангаараа Засгийн газар байгуулах боломж хараахан бүрдсэнгүй. Нөгөө талд үндсэндээ хуучин Ху намын угшилтай хүмүүс, эсвэл ардчилсан хүчний яс махны тасархайнууд л ямар нэг шинэ намын малгай өмсөөд зогсож байна. Алийг нь талдаа татвал УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явах бол. Ямар ч байсан өөрт баараггүй ногдох сайд нарынхаа сандал ширээг эзэнтэй болгох нь чухал. Мэдээж АН хамгийн олон сайдтай болж таарна.
Намын дарга Н.Алтанхуяг шинэ танхим 11 яамтай байна гэдгийг зарласан. Иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд Хөдөлмөрийн яамыг дангаар нь байгуулж, нийгэмд шударга ёс тогтоох үүднээс Хууль зүйн яамыг бие даалгана гэсэн. Ялсан намын дарга нь яах аргагүй Ерөнхий сайд байнаа гэдгийг аль “Ардчилсан холбоо” эвслийн өнгөнд хуульчилсан болохоор АН-ын дарга Н.Алтанхуягийг гүйцэтгэх засаглалын тэргүүн болоход илээр зөрөх хүн гарахгүй. Нэг үеэ бодвол АН дан ганц сайдын ажлыг байтугай УИХ-ын эрхэм гишүүний албатай давхар хашиж байсан шаггүй боловсон хүчний нөөцтэй болсон.
1998-2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал бол сайн эдийн засагч төдийгүй тулхтай улстөрч. Ирэх жилд хүн шиг амьдрах бодлогыг энэ яам л гардан хэрэгжүүлж, 2012 оны ялалтаа бататгах үндэс суурийг тавих нь тодорхой. Хүнд хэцүү үед ачаа татаж явсны хувьд Р.Амаржаргал Хөдөлмөрийн яамыг элбэгхэн толгойлно. ХЗДХЯ бол хур юм ихтэй газар. Шинэ салхи оруулж, нийгэмд эрүүл саруул эрх зүйн орчин бүрдүүлэх бодлогын яамыг толгойлоход залуу хүний толгой зайлшгүй чухал. Тэгээд ч Х.Тэмүүжин бол хууль зүйн салбарт зоригтой шинэчлэл хийх хүний нэг. Тус салбарыг бусдыгаа бодвол дотор нь орсон юм шиг мэдэх учраас захын нэг түшмэл мад тавьчих нь юу л бол.
Энэ сонгууль урьд урьдаас илүү жендерийн харьцааг эрхэмлэснээрээ онцлогтой. Улс төрийн нам, эвсэл болгон урдаа барьдаг эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлж, бас намын жагсаалтад сойсон. БСШУ-ны сайдад Ч.Куландаг АН-ынхан нэгэн дуугаар нэрлэж байна. Энэ бүсгүй 90 онд цагаан морины дэл дээр дарцаглаж явсан, казах түмний төлөөлөл, юм үзэж нүд тайлсан, өмнө нь энэ салбарт дэд сайдаар ажиллаж байсан гээд түүний өмнө гишгэх хүн одоохондоо алга. Аль тэртээ XIII зуунд Чингис хаан улс үндэстнээ улам бүр хүчирхэгжүүлэн бэхжүүлэх хүнд хэцүү үүргийг охиддоо өгч байсны дээр тэдний Монгол төрд гүйцэтгэсэн түүхэн гавьяаг нь үнэлж “Хатгах жаданд халхавч болсон охид минь” гэсэн ончтой үгээр шагнаж, урам хайрлан зохих албанд томилж байсныг түүхэнд төрийн хэрэгт арга, билгийг хослуулсны тод жишээ гэж үздэг. Засгийн газарт арга, билгийг хослуулахад дахиад ч бүсгүйчүүд хэрэгтэй.
Гадаад харилцааны салбарыг Я.Батсуурь удирдахад болохгүй гэх газаргүй. Яамандаа газрын дарга байгаад Тайландын вант Улсад Элчин сайдаар ажиллаж байсан энэ эрхэм угаасаа дипломатч мэргэжилтэй. Парламентын тогоонд дөрвөн жил чанагдахдаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог ахалж байсан, харизматик чанар сайтай. “Фортуна” Н.Батбаяр Сангийн сайдын суудлыг хамтарсан Засгийн газарт ихээхэн горилсон авч их санасан газар хоосон хоцорсон. Одоо АН-д мүднякууд “Алтан гадас”-ынхнаас нэгээр илүү болсон учраас тэрээр санасандаа хүрэх бололтой. С.Баярцогт саяхан болтол энэ албыг хашиж байсан ч Засгийн газрын ХЭГ-ыг толгойлох нь илүү чухал биз. Тэр сайдуудаа удирдаж, гүйцэтгэх танхимын гал тогооны ерөнхий тогооч байвал Ерөнхий сайддаа найдвартай түшиг болж чадна хэмээн намын нөхөд нь үнэлдэг.
Харин намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрын аль нэг нь спикер болох жин дарж байна. Мэдээж энэ хоёр томоохон бялуу хүртэх нь гарцаагүй. Мөн Х.Баттулга, Лу. Гантөмөр, Д.Одхүү Засгийн газрын хаалгыг тогшилгүй орж ирэх магадлалтай. Геологич мэргэжлийг бодолцоод Эрдэнэтэд ойрхон байсныг нь харгалзвал Д.Одхүү Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудалд суухад болно. Сайд нарын 60-70 хувь нь АН-ынх байх нь зайлшгүй ч хамтрагч хүчин бас ахиухан юм зуухыг хичээх л байлгүй. Гэсэн ч гол яамдаа тэд атгаж л таараа.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ