
Төрийн ордонд УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөлөө. Үүний дараа төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын гишүүний батламжид гарын үсэг зурлаа.
Ц.Оюунгэрэл барууны хэв маягийг хадгалсан улстөрч болохоо батлав
Цагаан толгойн үсгийн дарааллаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Р.Амаржаргал нар гарч ирэхэд хүмүүс зангаргатай харагдаж байна гэлцэж байв. Эдгээрийн дараа УИХ-ын шинэхэн гишүүд үргэлилэн төрийн далбаандаа залбирч, гарын үсгээ зурсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хар хослолоор гоёсон нь түүнийг барууны хэв маягийг хадгалсан улстөрч болохыг илтгэлээ хэмээн цугласан олон ёжилж байлаа. Тэдний дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Я.Санжмятав нар төрийн далбаны өмнө гарч ирэхэд, нэг нутгийн хоёр бараг хөтлөлцөх нь холгүй байна хэмээж байв.
“Заан, хулгана” хоёрын түүх давтагдлаа
Энэ мэтчилэнгээр хүмүүс тангараг өргөж байтал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга, Х.Тэмүүжин, М.Энхболд, З.Энхболд нар тангараг өргөсөн нь олны эгдүүг хүргэж байв. Зарим нь тэднийг энэ удаагийн УИХ-ын “Заан, хулганууд” гэж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд төрийн далбаанд өргөх үеэрээ буруу хөлөө нугалж нэлээд будилж харагдав. УИХ-ын гишүүн З.Энхболд, М.Энхболд нар 2004 оны сонгуулиар шинэ парламентын бүрэн эрх эхэлснээс жилийн дараа хоёулхнаа ийм байдлаар зогсон тангараг өргөж байсан түүхтэй билээ.
Харин энэ удаагийн парламентын тангараг өргөх ёслолын миссээр цагаан торгон дээлээр гоёсон Г.Уянга тодорлоо. Энэ үеэр хүмүүс шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болох Д.Батцогт, Х.Болорчулуун нарыг нэлээд сонирхон харж байлаа.
Аав, ээж, хүү гурав төр түшилцсэн шинэ түүх бичигдлээ
Түүнчлэн Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой нэлээд олон хүн андуурч харагдав. Түүнчлэн эмэгтэй гишүүдээс С.Одонтуяаг тангараг өргөхөд түүнийг олон хүн дэмжиж байгаа нь танхимд цугласан олны уур амьсгалаас харагдаж байлаа. Мөн О.Содбилэгийг гарч ирэхэд, Монголын түүхэнд анх удаа аав, ээж, хүү гурав УИХ-ын гишүүн боллоо гэж байсан юм.
У.Хүрэлсүх цэрэг ёслогоогоор “гоёлоо”
У.Хүрэлсүх, Л.Цог нар нэрсийн дарааллын дагуу хамт гарч ирж, төрийн далбаанд мөргөхөд хүмүүс их сонин учраа байна гэж байв. Далбаанд мөргөх үеэр У.Хүрэлсүх төрийн далбааны өмнө цэргийн ёсоор ёсолсон нь олны анхаалыг татаж байв.
Гурван Энхболд, хоёр Эрдэнэбаттай боллоо
Мөн үүний дараа АН-ын дарга Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгаас сонгогдсон МАН-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын нэрийг дуудахад, энэ удаагийн парламент гурван Энхболд, хоёр Эрдэнэбаттай боллоо гэж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг гишүүдийн нэрсийг дуудах үеэр бяцхан алдаа гарч, ИЗН-ын гишүүн Д.Дэмбэрэл, АН-ын гишүүн М.Зоригт нар хамгийн сүүлд төрийн далбаандаа мөргөсөн юм.
Уг ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай ард түмэн гишүүн нэг бүрээс асар их зүйлийг хүлээж байна. Их ажлын эхлэлийг өөрөөсөө эхлэнэ гэж харж байгаа. Шударга ёс гэдэг шийдвэр гүйцэтгэлээр хэрэгждэг нийтийн үнэт баялаг юм.
Та бүхэн монголын төрд хэцүү ажил хийхээр ирсэн. УИХ-ын гишүүн та бүхэн сонгогч иргэдээ, тэдний захиа даалгаварыг хормын төдий ч мартахгүй гэдэгт найдаж байна. Ёс журамтай, дэгтэй ажиллах их үйлсэд тань амжилт хүсье. Монгол түмэн мандан бадрах болтугай” хэмээснээр дуусгавар болж УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу тус хуралдааныг 2012-2016 оны парламентын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл удирдсан юм.
МАХН-ын гурван гишүүн тангараг өргөсөнгүй
Ингээд Монгол Улсын зургаа дахь парламент анхдугаар хуралдаанаараа 2012-2016 оны шинэ УИХ-ын гишүүдийг баталсан тогтоолоо гаргалаа. Тогтоолыг хуралдаанд оролцсон 69 гишүүний 100 хувийн саналаар баталсан юм. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "МАХН-ын гишүүд болох О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар тодорхойгүй шалтгаанаар тангараг өргөсөнгүй” гэдгийг тодотгож, гишүүддээ амжилт хүслээ. Ингээд эцэст нь шинэхэн парламент маань дурсгалын зураг авахуулснаар өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ