
Гучин жилийн өмнө хунтын армийн зүүний тэрс үзэлтнүүдийн эсрэг хийсэн дайны үеэр хоригдлуудын хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар хулгайлан, тамлан зовоож алсан хэргээр Аргентины экс удирдагчдад ял оноож байна.
“Бохир дайн”-ы үеэр хулгайлагдаж, төрсөн эцэг эхээсээ салсан хүүхдүүдийг гэрт нь буцаан аваачих зорилготойгоор байгуулагдсан “Плаза де Маёогийн эмээ нар” хүний эрхийн байгууллага холбогдох баримтуудыг цуглуулсан нь хэргийг илчлэх гол түлхүүр болж чадсан байна. Мэдүүлэг өгсөн гэрчүүдэд АНУ-ын дипломатч асан Эллиот Абрамс багтаж байлаа.
“Бохир дайн”-д 13 мянган хүн хохирогч болсон гэсэн тооцоо бий. Олонхи нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан ба хүүхдээ төрүүлсэнийхээ дараа “алга болдог” байжээ.
Аргентины экс удирдагчид Хорхе Рафаель Видела энэ хэргийг зохион байгуулсан хэргээр 50 жилийн ял сонсож байгаа бол өмнөх удирдагч Рейнальдо Биньонед 15 жилийн ял оноосон байна.
Яллагчид Видела болон өөр дөрвөн хүнд 50 жилийн ял өгөхийг хүссэн юм.
Тэднээс гадна хуучин цэрэг болон цагдаагийн албаны есөн хүнийг уг хэрэгт холбогдсон хэмээн буруутгаснаас долоо нь яллагдаж, хоёр нь буруугүй нь тогтоогдсон байна. Тэдгээр хүмүүст 10-40 жилийн ял оноосон байна.
86 настай Видела уг хэргээр хамгийн өндөр ял авсан бол 84 настай Биньоне хүнтөрөлхтөний эсрэг өөр гэмт хэргээр аль хэдийнэ насан туршийн ял сонсож, торны цаана байгаа аж.
Хэдийгээр Аргентины хуульд 70-аас дээш настай гэмт хэрэгтнүүдийг ихэвчлэн гэрт нь хорихыг зөвшөөрдөг ч энэ удаад үйлчилсэнгүй.
Уг хэрэг явдлаас амьд үлдэгсэд болон тэдний хамаатнууд нь шүүхийн шийдвэр танилцуулах явцыг шүүх танхимын дотроос болон гадаа байрлуулсан том дэлгэцээр харан, таатайгаар хүлээн авч байжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ