Г.Бадамсамбуу: Автомашин, интернет энэ бол асар том соёлын дарамт

img

-Та олон орноор аялсан хүний хувьд Монгол Улсын хөгжлийн гарцыг юу гэж хардаг вэ? -Хөгжил гэж юуг хэлж байгаа юм бол. Одоо бидний явж байгаа капиталист замыг хөгжил гэж харах нь буруу. Одоогийн европыг хөгжил гэж харах юм уу. Бид маш ухаалгаар биеэ худалдах хэрэгтэй. Нөгөө нь Монгол цаашаа оршин тогтноход өөрийн гэсэн капиталтай болох, угсаатан иргэншлийн үнэт зүйлсийг маш хүчтэйгээр тээж явах л хамгийн хэрэгтэй чухал зүйл. Маш олон орон хөгжлөөсөө болоод үнэт зүйлсээ алддаг. Энэ ардчилал гэх мэт зүйл чинь бусдын соёл. Бусдын соёлыг авч явж байгаа хүмүүс өөрсдийнхөө юмыг яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 20 жилийн тэртээ бид түүхэндээ гурав дахь том эргэлтээ хийсэн. Нүүдэлчин байгаад буддистууд болсон, сүүлд барууны зүгийн соёлыг авсан. Үүнээс цааш яг Монгол угсаатны нүүдэлчин ёс үгүй болно. Эцэг, эх өвөг дээдсээсээ авч ирсэн тэр соёлоо яаж тээж, удаан хадгалах юм бэ. Үүнээс яаж хагацах вэ. Хагацах нь бол тодорхой. Автомашин, интернет энэ бол асар том соёлын дарамт. Энэ бүхний цаана бид бусдад мөнгө өгч байгаа хэрэг. Гэхдээ энэ бол бусдын зохиосон зүйлийг та бүхэн ямар ч гарцгүйгээр ашиглаж, соёлын дарамтад орсон гунигт байдалд оруулж байна. Сайн хэрэглэгч байгаа ч гэсэн цаад утга санааг нь бодоод эмгэнэж байх нь зүйтэй гэж боддог. -Танд очсон улсуудаасаа цуглуулдаг зүйл бий юу? -Би ихэвчлэн өлгөдөг сувинер цуглуулдаг. Таваг, цар, жааз гээд л хананд өлгөж болох бүхий л зүйл. Боломжтой байвал жижиг арслангийн сувинер цуглуулдаг. -Монголын хамгийн гоё аялал, бас хямд хөтөлбөрийг санал болгооч? -Хамгийн хямд, сонирхолтой аялая гэвэл үү. Санаа нэгдсэн хүмүүс багаар аялах л хамгийн хямд байдаг. Хамгийн хямд хөтөлбөр гэвэл Улаанбаатараас баруун тийш Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган руу яваад ирэхэд маш олон зүйлтэй танилцана. Олуулаа явах нь зардал их хэмнэдэг. 8-10 хүн аялахад их тохиромжтой. Нэг хүн 300 мянган төгрөгтэй байхад хангалттай аялна. Та ганцаараа аялвал шатахууны үнэ нь сая төгрөг болно. -Гадаад хүн долоо хоног Монголд аялахад хамгийн тохиромжтой маршрут юу вэ? -Хүн бүр өөр сонирхолтой. Ер нь монголчуудыг ойлгуулъя гэвэл нүүдэлчин амьдрал, байгаль, түүхийг ойлгомжтойгоор харуулах хэрэгтэй. Монгол өөрөө өөр ертөнц. Хүмүүс ойлгоход их цаг хугацаа шаардагдана. Монголчуудыг морьноос буудаггүй, майханд амьдардаг гэж харагддаг. Гэтэл үүнийг нь нэвтрээд ирэхээр өнгөн дээрээ биш агуулгыг нь ойлгоод ирэхээр илүү хурц тод сэтгэлгээ байдаг. Долоо хоногт монголтой танилцана гэдэг хэцүү. Өнгөн хэсгээр нь танилцаад Архангай, Хэнтий аймгаар ч юм уу, явахад болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ