
АНУ-ын далайн амьтдын мэргэжилтнүүд Аляскагийн Далайн амьтдын төвд дөнгөж төрснийхөө дараагаар эхээсээ төөрсөн бяцхан халимыг асарч байна. Түүнийг савнаас хөхөж ууж суртал гуурсаар хооллож байгаа аж.
“Одоогоор түүний байдал маш сайн байгаа. Бие даан сэлж, бас ирсэн цагаасаа эхлэн лонхноос хооллож сурч байгаа” хэмээн тус төвийн ерөнхийлөгч Тара Жоунс хэлсэн юм.
Энэ явдал нь маш ховор тохиолдол бөгөөд Атланта болон Чикагогийн далайн амьтдын төвийн ажилчид, мэргэжилтнүүд ирж асаргаанд тусалж байгаа аж.
Бяцхан халимыг зургадугаар сарын 18-нд Аляскагийн Бристол эргээс олоход 2 хоногийн настай байсан гэж үзэж байгаа юм. Шуурганаас болж эхээсээ төөрсөн байх хэмээн албаныхан таамаглаж байна. Түүнийг олон давхар нойтон алчуураар ороон нисдэг тэргээр 90 минут авч явсан гэнэ.
Халимны тугал одоо 1,5 метр урттай, 52,2 кг жинтэй байна. Ирснээсээ хойш 2,3 кг жин нэмжээ.
Одоо хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол түүний дархлааны систем юм, учир нь тугал эхийнхээ сүүг огт амсаагүй билээ. Төвийн ажилчид түүнд хэрэгтэй амин дэмүүдийг олгохоор бусад усан сангуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Тугал тусдаа усан санд байгаа ба тоглоом болон хүн хань болж байгаа аж. Дор хаяж гурван асрагчид түүнтэй 24 цагийн турш хамт байгаа юм. Тэд тугаланд сэлэх шинэ арга барил сурахад тусалж, мөн тоглож байгаа ажээ.
Одоогоор түүнийг олон нийтэд харуулаагүй боловч удахгүй илүү том усан санд оруулж, хүмүүст шилний цаанаас харуулах боломжтой болгох гэнэ.
Уг амьтны асаргаанд өдөрт 2 мянган ам.доллар зарцуулж байгаа бөгөөд үүнд далайн хөхтөн амьтдын мэргэжилтэнд үзүүлж шалгуулах зардал ороогүй байна.
Тугал амьд үлдэж чадсан ч хэзээ ч далайдаа эргэн орохгүй гэнэ. Учир нь хүмүүс бяцхан халимд далайд амьд үлдэхэд хэрэгтэй чадваруудыг зааж өгч чадахгүй билээ.
Түүнд албан ёсоор нэр өгөөгүй байгаа ч ажилчид түүнийг олсон газрын нэрээр “Накнек” хэмээн дуудаж байгаа юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ