Урт буучид хос хүрэл медаль хүртлээ


“Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын буудлагын тэмцээн өнөөдөр эхэллээ. Якутск хотын үндэсний сургуулийн спорт зааланд эхэлсэн тэмцээнд манай улсаас гар бууны дасгалд хоёр, урт бууны дасгалд хоёр нийт 4 тамирчин онч мэргэнээ сорьж байна.
Өнөөдөр урт бууны төрөлд өрсөлдсөн шинэхэн спортын мастер А.Дөлгөөн 400 онохоос 382 онож хүрэл медаль хүртлээ. Ингэснээр ОХУ-ын спортын дэд мастер боллоо. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тамирчин бөгөөд спортын мастер ахмад тамирчин Ц.Цэрэннадмидын ач хүү юм. Мөн өнөөдөр урт бууны дасгалд өрсөлдсөн спортын мастер М.Түвшинжаргал 387 онож хүрэл медаль хүртсэн бол ОХУ-ын спортын мастер болов. Буудлагын тамирчдын дасгалжуулагчаар спортын мастер Ц.Цэрэннадмид, Ш.Мандахбаяр нар ажиллаж байна. Өнөөдөр мөн даам, чөлөөт бөх, боксын тэмцээн эхэлж байгаа. Бид та бүхэндээ цаг алдалгүй мэдээлэх болно. Ивээн тэтгэгчээр компьютерийн “Онлайн төв” ажиллаж байна.
Сурвалжлагч А.Алтанчимэг
Зураглаач Д.Ласран нар Саха улсын Якутск хотоос мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ