Оношилгоо, эмчилгээний төвийн шав тавив

img

Монгол Улсад үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв баригдах нөхцөл бүрдэж, тус төвийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 7-нд болжээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тае Ро болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсрн байна. Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газартай хамтран ажилласны үр дүнд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулсан. Уг 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Засгийн газраас эхний ээлжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа БНСУ-ын талд мэдэгдсэн билээ. Үүний дагуу нийт 55.4 сая ам.долларын удаан хугацааны хөнгөлөлттэй зээл олгохоор болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас нэмж 10.5 сая ам.долларын санхүүжилтийг гаргахаар хоёр орны Засгийн газар хоорондын Зээлийн хэлэлцээр байгуулагджээ. Энэхүү оношилгоо, эмчилгээний төв нь хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд үүн дотроо дүрс оношлогоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг  багтаасан, зайн оношлогоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв байх юм. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, эмч мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэ төсөлд тусгаж оруулсан нь онцгой ач холбогдолтой гээд Монгол улсад анх удаа PET буюу эдийн шингээлт дээр суурилагдсан дүрс оношлогооны хамгийн сүүлийн үеийн аппарат Үндэсний оношилгоо эмчилгээний төвд суурилагдана. Энэ төвийг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоход анхаараад зогсохгүй ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, мэргэжлийн ур чадварын хувьд өндөр шаардлага тавьж, хэлний боловсрол сайтай эмч мэргэжилтнүүдийг тодорхой хуваарийн дагуу гадаадын орнуудад сургаж, мэргэшүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор Монголчууд гадаад руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах урсгалыг зогсоож, иргэд эх орондоо бүрэн оношилгоо хийлгэж, эмчлүүлэх түүнчлэн зайн оношилгооны чиглэлээр эрүүл мэндийн салбарын хөгжилд дэвшил гарч хөдөө орон нутгийн иргэд зайнаас оношилгоо,  эмчилгээ, зөвлөгөө авах нөхцөл бүрдэнэ. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар гэрээнд тусгасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain bna:
haana barikh yum bee todorhoi bicheeh ug ni bol saikhan ajil baina shuu neg hun ch gsn ekh orondoo buren onoshluulj emchluulj baival sain bna . hurelbeeter saiddaa bayarallaaa
2012-07-09