Киргиз улсын Ерөнхийлөгч асан Р.Отунбаева өнгөрсөн бямба гарагт манай улсад ирсэн юм. Түүнийг нисэх буудал дээр буух үеэр цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө таныг манай улсад айлчилж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Ярилцлагын эхэнд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Киргиз улсад айлчилсан айлчлалын үр дүнгийн талаархи таны сэтгэгдлийг сонсох гэсэн юм?
-Бид олон жилийн найрсаг харилцаатай. Энэ харилцаа 20 жилийн өмнө түр хугацаагаар завсарлаад байсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гурван сарын өмнө Киргиз улсад хийсэн айлчлал сэргээгээд барахгүй шинэ төвшинд авч ирлээ. Энэ үеэр маш ажил хэрэгч ярианууд албаны хүмүүсийн дунд өрнөж, эдгээр нь маш шуурхай ажил хэрэг болж байгаад баяртай байна. Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг айлчлалын үеэр болж, үр дүнгээр нь өнөөдөр би хэдхэн цаг нисээд танай сайхан оронд зочилж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс уул уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсролын харилцааг их сонирхдог. Мөн бидний зүгээс эрх зүй, хуулийн харилцаанд туршлага солилцох сонирхол бий. Ялангуяа парламент хооронд улс төрийн харилцааг сайжруулах сонирхол бидэнд өндөр байгаа. Энэ чиглэлээр туршлага судлаж эхэлсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр цаашдаа хамтарч хэрхэн ажиллах вэ гэдгээ ярилцсан. Эхнээсээ ажил хэрэг болж, бид хэд хэдэн удаа төлөөлөгчдийг солилцож, ажил хэрэг болгож байна.Миний энэ удаагийн айлчлал манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргана хэмээн найдаж байна.
-Киргиз, Монгол улсын ахуй их ойролцоо тул хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт танай улсын сонирхол их байгаа байх. Энэ тал дээр ойрын хугацаанд ямар ажлууд хийгдэх вэ?
-Танай улс ноолуур ихтэй. Манай улсад ноолуурын үйлдвэрлэл хөгжсөн. Тиймээс бид кашмерийн үйлдвэрлэл ихээр сонирхож байгаа. “Century gold” манайд, танайд ч үйл ажиллагаа явуулдаг. Бид энэ шугамаар уул уурхайн технологи сонирхож байгаагаа илэрхийлсэн.
-Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаархи олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн. Энэ уулзалтын талаархи таны сэтгэгдэл ямар байна. Танай улсад эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо өндөр байдаг гэсэн. Энэ талаар яриач?
-Манайд Төв банкны ерөнхийлөгч, мужийн захирагч гэх мэт салбарт эмэгтэйчүүд олон бий. Гэхдээ тэр хэрээр хариуцлага өндөр. Манай улс мөн сүүлийн жилүүдэд авлигатай хүчтэй тэмцэж байгаа. Сангийн сайд хүнийг сая баривчлах шийдвэр гаргалаа. Эмэгтэй хүнд ийм шийдвэр гаргах хэцүү байсан. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах шаардлагтай байна. Танай улсын хувьд бизнесийн чиглэлд эмэгтэйчүүд хүчтэй явдагийг харсан. Үүгээр би маш их бахархсан. Бид ч энэ тал дээр хамтран ажиллана гэж бодож байгаа. Сая би европын эдийн засгийн том чуулганд оролцлоо. Энэ үеэр Монголоос уул уурхайн шилдэг бизнес эмэгтэй шагналыг авсан. Би үүгээр маш их бахархсан. Ийм мундаг, хүчтэй эмэгтэйчүүдтэй хамт энэ форумд оролцох гэж байгаадаа баяртай байна. Оролцоод ирсний дараа миний сэтгэгдлээ та бүхэнтэй дахин хуваалцана байх.
-Манай улс өнгөрсөн сард зургаа дахь удаагийн сонгуулиа явууллаа. Үүний үр дүнгээр олон намын төлөөлөл, бие даагчдаас бүрдсэн эвсэлийн Засгийн газар бүрдэх нь. Та үйл явцыг ажиглаж, мэдээлэл авч байсан байх. Өөрийн дүгнэлтээ сонирхуулаач?
-Би мэдээлэл авч байсан. Одоо өөрөө танай эх оронд ирсэн учир илүү нарийн мэдээлэлүүд авна байх. Танай улс зургаа дахь удаагийн сонгуулиа явуулж байна гэдэг сайн хэрэг. Сонгуулиас сонгуульд ардчилал бэхжиж, сонгуулийг шударга явуулах туршлага нэмэгдэнэ. Танайхыг ингэж амжилттай сонгуулиа явуулж байгааг сайшааж байна. Бид танай улсын ардчилсан төрөө хэрхэн зохион байгуулж байгаа талаар туршлага хуримтлуулах сонирхолтой байна. Энэ талын ажлууд ч эхэлж байгаа.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ