
Өнгөрсөн бямба гаригт Ливийн ард түмэн олон жилийн дараа анх удаа ардчилсан сонгууль хийсэн бөгөөд НҮБ-ийн Ливи дэх төлөөлөгчид сонгуулийг маш амжилттай болсон гэж дүгнэж байна.
НҮБ-ийн Тусгай төлөөлөгч Ян Мартин санал тоолох явц удаан байгаа нь ямар нэг будлиан төрүүлэхгүй байгаасай хэмээн найдаж байгаагаа хэлжээ.
Нийт сонгууль өгөх эрхтэй 2,9 сая хүнээс 63 хувь нь буюу 1,7 сая хүн саналаа өгч сонгуульдаа идэвхтэй оролцсон байна.
Урьдчилсан дүн энэ даваа, мягмар гаригийн нэгэнд ил болж магадгүй бол эцсийн дүн хэзээ гарах нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ долоо хоногийн эцэс хүртэл үргэлжилж магадгүй байгаа юм. Учир нь бүх саналын хуудсыг нэгдсэн нэг газар төвлөрүүлж тоолох гэнэ.
Мартины хэлснээр ямар нэг хууль бус үйлдэл ажиглагдаагүй аж.
Олонхи хүмүүсийн үзэж байгаагаар “Үндэсний хүчний эвсэл” намын Махмуд Жибрил шинэ Ливийн хувьд голлох хүн болж чадах нэгэн гэнэ. Гэхдээ НҮБ эцсийн ялагчаар тодорсон хэнтэй ч хамтарч ажиллах болно гэдгийг төлөөлөгч Ян хэллээ.
Шинэ Засгийн газар бүрдүүлэх даалгавар бүхий 200 суудалтай парламент байгуулж байгаа нь дөчин жилийн турш Каддафигийн засаглалаар явсан тус орны хувьд томоохон алхам болж байгаа юм.
80 суудлыг намын листээр олгох бол 120 суудлыг бие даан нэр дэвшигчид авах аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ