
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй манай улсад айлчилж буй Киргизийн Ерөнхийлөгч асан Р.Отунбаевын айлчлалын талаар цөөн хором ярилцлаа.
-Киргизын Ерөнхийлөгч асан Р.Отунбаева манай улсад айлчилж байна. Айлчлалын зорилгын талаар сонирхох гэсэн юм?
-Киргизын Ерөнхийлөгч асан Р.Отунбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байна. Айлчлалын гол зорилго нь 8, 9-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй манлайлагч эмэгтэйчүүдийн форум байгаа. Энэ дашрамд манай улсын ахуйтай танилцахаар ирсэн.
-Киргиз улс манай улстай уламжлал, түүхийн холбоотой. Хоёр улсын харилцаа одоо ямар төвшинд байгаа вэ?
-Киргизийн бүгд найрамдах улс Монгол Улстай ахуй их төстэй, түүхий хувьд их холбоотой хүмүүс. Өөрсдийгөө Хяргас нуураас үүсэлтэй хэмээн үздэг. Манай зүүн гарын хаант улсын үед манай нутагт орж байсан улс байгаа. Нүүдэлчин уламжлалтай, Казахстан, Узбекистан, Хятад зэрэг том улсын хооронд таван сая хүн амтайгаар оршин тогтнодог. Киргиз өөрөө төв Азийн орнуудаас ардчиллын замаар хамгийн тууштай явж байгаа гэж нэрлэгддэг. Хоёр жилийн өмнө тус улсад нэлээд хүчтэй үймээн, шуугиан гарсан. Р.Отунбаева тухайн үед түр Ерөнхийлөгч болсон ч өөрийнхөө саналаар дараагийн сонгуульд өөрийн хүсэлтээр нэрээ татсан. Энэ бол төв Азийн хувьд маш сонирхолтой үйл явдал болсон. Р.Отунбаева Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрөө хүсэлт тавьж, “Бид Монголын замаар ардчиллаа хөгжүүлмээр байна. Монголын энэ зам Киргизэд хамгийн тохиромжтой зүйл. Монголын ардчилал амжилттай хэрэгжиж байна” хэмээн Ерөнхийлөгч болсон даруйдаа анхны захидлаа илгээж байсан юм. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус улсад багагүй анхаарал хандуулж, ажилласан. Одоо Р.Отунбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийг ихээхэн сонирхож байгаа. Мөн уул уурхайн зохицуулалт, авлигтай хэрхэн тэмцэж байгааг ч сонирхож байна. Киргиз хоёр ч Ерөнхийлөгчөө авлигын хэргээр буруутгаж, хоёулаа эх орноосоо зугтсан. Нэг нь Москва, нөгөө нь Беларуст цагаачлан амьдарч байна. Эдгээрийг судлахын зэрэгцээ Р.Отунбаева манай эрийн гурван наадмыг сонирхоно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрөвдүгээр сард Киргиз улсад айлчлах үеэрээ хоёр улсын харилцааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.
- Р.Отунбаевагийн айлчлалын бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтаж байгаа вэ?
- Түүнтэй хүү нь болон тамгын газрын ажилтууд, Киргизийн хэвлэл мэдээллийнхэн ирсэн.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ