
Лондон хотноо болж буй 16 000 000 фунт стерлингийн шагналын сантай Уимблдоны газрын теннисний нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргад Рожер Федерер (Швейцарь) - Энди Мюррэй (Англи) нар өрсөлдлөө.
3 цаг 40 минут үргэлжилсэн энэхүү тулаан дөрвөн үе явагдсаны эцэст Швейцарь залуу өрсөлдөгчөө 4:6, 7:5, 6:3, 6:4 - өөр буулган авлаа.
Ингэснээр Рожер Федерер Уимблдонд 7 дахь удаагаа түрүүлж Питт Сампрасын амжилттай зэрэгцэн ирлээ.
Мөн энэ удаагийн түрүү нь түүнд ганцаарчилсан төрөлд 17 дахь Их Дуулгын цомыг авчирлаа. Харин түүний өрсөлдөгч Энди Мюррэй (Англи) энэ удаа ялагдсан ч 76 жилийн дараа ганцаарчилсан төрөлд Уимблдоны түрүү булаалдсан англи теннисчин боллоо.
Энди Мюррэй “ Рожер Федерерт баяр хүргэе. Тэр өнөөдөр жинхэнэ шилдэг тоглолтыг үзүүллээ” гэж хэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шувтаргад АНУ – ын С.Уилъямс Польшийн А.Радванскатай тоглолоо. 2 цаг 02 минут үргэлжилсэн энэхүү тоглолтод 6:1, 5:7, 6:2 – оор С.Уилъямс хожиж Уимблдоны 5 дахь түрүүгээ авлаа.
Ийнхүү тэрбээр ганцаарчилсан төрөлд 14 дэхь Их Дуулгын цомыг хүртжээ. Түүний шагнал үүгээр дуусаагүй бөгөөд эмэгтэй хосын төрөлд өөрийн эгч В.Уилъямсийн хамт Чехийн Главачкова /Градечка – гийн хосыг 7:5, 6:4 – өөр хожиж нэг өдөр 2 цом хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ