Монголын багт "цагаан хуудас" өгөхгүй

img

Олон улсын спортын холбоод “Лондон-2012” олимпийн наадамд өрсөлдөх тамирчдын бүрэлдэхүүнийг эцэслэн зарласаар байна. Олон улсын жүдогийн холбоо 116 орны хөх-цагаан өмсгөлтнүүд Лондонгийн татамид өрсөлдөх эрхээ аваад байсан дээр дахин 17 орны төлөөлөгч нэмэгдэнэ хэмээн өнгөрөгч долоо хоногт мэдэгдэв. Жүдогийн спорт төдий л хөгжөөгүй, жүдочид нь олимпийн эрхээ биелүүлж чаддаггүй Монако, Того, Ливан, Афганистан, Парагвай, Камбож зэрэг 17 орны тус бүр нэг жүдочийг Лондоны олимпийн наадамд урилгаар оролцуулах болжээ. Лондоны олимпод оролцогчдын энэхүү жагсаалтад Монгол Улсаас 9 жүдоч багтаж байгаа билээ. Харин Олон улсын бокс сонирхогчдын холбоо (AIBA) урт удаан хугацаанд үргэлжилсэн олимпийн сорилгоо өндөрлүүлж, 79 орны 250 эрэгтэй, 36 эмэгтэй тулаанчийн нэрийг зарлалаа. Олимпийн рингэнд анх удаа өрсөлдөх гэж байгаа эмэгтэй боксчдын бүрэлдэхүүнийг эхлээд БНХАУ-ын Чинхуандао хотноо болсон ДАШТ-ээс сонгосон юм. Уг тэмцээнд жиндээ эхний найман байрт шалгарсан эмэгтэй боксчин олимпийн эрхээ биелүүлсэн бол өнгөрөгч долоо хоногт AIBA жин бүрт урилгаар оролцох 4 боксчныг зарласан байна. Монголын үндэсний олимпийн хорооноос Олон улсын олимпийн хороо, “Лондон-2012” олимпийн зохион байгуулах хороонд эмэгтэй бокс, эмэгтэй хүндийг өргөлт, буудлагын төрөлд цагаан хуудас буюу урилгаар тамирчин оролцуулах хүсэлтээ гаргасан боловч үр дүнд хүрээгүй байна. Энэ тухай хариуг МҮОХ-нд албан ёсоор ирүүлжээ. Ийнхүү Лондоны олимпод Монгол Улсын баг 29 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр явах нь бүрэн тодорхой боллоо. Б.Цагаанбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ