
Нүүдэлчдийн соёл, өв уламжлалыг олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “Сэрсэн тал” соёлын наадам долоодугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт болно.
Соёлын наадмын хүрээнд Хүй долоон худагт уран бичлэг, үндэсний хувцасны үзэсгэлэн гарч, үндэсний урлаачдын хотхон ажиллах юм байна. Мөн хүний биеийн хэмжээтэй шагай, уламжлалт тоглоомж, монголчуудын үндэсний ахуйн хэрэглэлийг танилцуулах аж. Мөн Солонгосын уран бүтээлч Чеолую Кимийн “Анхны мэдрэмж” нэртэй монгол ахуйгаас сэдэвлэсэн үзэсгэлэнг толилуулах гэнэ.
Төгсгөлд нь Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан ардын урлагийн тоглолтыг толилуулснаар тав дахь удаагаа зохиогдож буй Соёлын наадам өндөрлөх аж.
СУИС, Монголын урлагийн зөвлөл, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх МЕТАА компаниуд хамтран зохиож буй энэ арга хэмжээгээр Монголын нүүдэлчдийн соёл урлагийг дэлхий нийтэд таниулах, наадмын соёл урлагийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэхээс гадна Зүүн өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудыг нэг болгох зорилготойгоор ажиллаж байгаа аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ