
Увс аймгийн харьяат, уран барилдаанч заан Ө.Тулга, Өмнөговь аймгийн хүчит арслан Г.Дэмүүл шиг жолоо мушгиж яваад, Төв аймгийн харьяат аварга Д.Хадбаатар шиг "зэсэрч" яваад наадамд амжилт үзүүлдэг цаг өнгөрсөн. Яг л хөлбөмбөгийн спорт шиг аймаг сумаараа ялгарч түрүүлэх, цол авах бөхчүүдийн тооцоог хийсэн. Орчин цагийн хэллэгээр бол ТЭЗҮ (Техник, эдийн засгийн үндэслэл) батлагдан хөрөнгө оруулалт шийдэгдэн гал галаараа наадмын бэлтгэлд гараад байгаа билээ.
Энэ жилийн баяр наадмын хүчирхэг багуудын нэг бол Увс аймгийн гал юм. Энэ галд Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнол сэргээсний 100, Ардын хувьсгалын 90 ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат залуу аварга С.Мөнхбат зөвхөн олон гоолдох зорилгоор довтлогчийн байрлалд тоглоно.
Хамгаалалтын баруун зүүн жигүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Б.Ганбат, улсын харцага Ө.Бат-Орших нар тоглоно. Гол хамгаалалтыг улсын харцага Ө.Бат-Орших хийх болов уу. Тав, зургаагийн даваанаас эхлээд аймгийн арслан Р.Пүрэвдавга, улсын харцага Ц.Содномдорж, улсын заан Ч.Санжаадамба нартай тулна. Энэ хооронд аварга С.Мөнхбат зөөлөн боорцог түүн урагшлах болов уу. Харин шөвгийн арван зургаа, шөвгийн наймын даваанд Ө.Бат-Орших, улсын арслан Б.Ганбатыгаа хүртэж орхиод урагшилж мэднэ.
Гиннесийн номонд Монгол бөхийг бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд залуу аварга Ө.Мөнхбат арвын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Б.Ганзоригийг, арван нэгийн даваанд улсын харцага Ө.Баттогтохыг гар амар орхиж байсан шүү дээ. Улсын наадмаар тийм барилдаан хийхгүй гэх баталгаа алга. Одоогоос арваад жилийн өмнө ийм бодлогыг Х.Баянмөнх хийдэг байлаа. Тухайлбал 2002 оны улсын аварга А.Сүхбат заан Б.Гантогтоход унаж, заан Д.Сумьъяабазар, заан Г.Өсөхбаяр хоёр тунаж байв.
Аварга А.Сүхбат, заан Б.Гантогтох хоёр зургаа, долоогийн даваанд нутгийн бөхчүүд болох Б.Гантогтох, Бумбаяр нарыг давж байсан юм. Ийнхүү Ардын хувьсгалын 81 жилийн ойн баяр наадам их аварга Х.Баянмөнхийн "Хар хайрцаг"-ны бодлогоор явагдаж байлаа. Харин өдгөө аварга О.Балжинням найруулгыг хийж Увс аймгийн галаас хэн хэн цолонд хүрэхийг тодорхойлох болно.
Аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс, Оюуны Гантулга, Бадрахын Ганзориг, Төрөөгийн Баасанхүү нар начин цолны төлөө "гоолдоно". Мөн улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших, Арслангийн Бямбажав нар зааны төлөө барилдаан хийх болов уу. Эдгээр бөхчүүд аварга С.Мөнхбатынхаа замыг цэвэрлэх замаар цолонд зүтгэх болно. Арслан Б.Ганбатын тухайд начин төрүүлэх хүндтэй бөгөөд эрхэм үүрэг хүлээж байгаа билээ.
"Увс" хэмээх багийн санхүүжилт, хэн хэн цолонд хүрэхийг Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй улстөрчид шийдсэн ч байж мэднэ. Зах зээлийн зарчмаар "Мөнгөө төлсөн нь дуугаа захиалах" болов уу даа. Дараагийн "топ" галуудын нэг бол Архангай аймаг юм. Даян аварга Г.Өсөхбаяр, заан Ч.Санжаадамба нар довтлогчоор тоглоно. Гэхдээ даян аварга Г.Өсөхбаяр бол Дэвид Бэкхем гэдэг шиг бэлгэдлийн чанартай болж ирсэн ахимаг тоглогч.
Гоол оруулах гол тоглогч бол "Хашаатын хар" хэмээх улсын заан Ч.Санжаадамба. Түүний зоримог, зоргоороо барилдаанууд аймгийн арслан цолтой байхад нь гардаг байв. Энэ жилийн олон барилдаанд үнэндээ явсангүй. Аймгийн арслан, заануудад л өнхрөөд өгдөг болсон байна лээ. Наадмын өмнөх сорилго барилдаанд аймгийн арслан П.Бүрэнтөгсийг мордох гээд сунаад өгч байгаа харагдсан. Яг л хөл нь гүйцэхээ байсан ахимаг бөх шиг сөхөрдөг болов.
Үүнийг нь бас тайлбарлаж болно. Аймгийн арслан цолтой байхдаа шуугиулдаг бөхчүүд гэж бий. Тухайлбал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Ц.Магалжав их аварга Б.Бат-Эрдэнийг заал танхимын барилдаанд хаячихдаг байлаа. Бөх сонирхогчид "Даншгийн их аварга Буянтогтохын зээ ирээдүйн их аварга" гэлцэж байсан юм. Гэтэл нөгөөх нь арай гэж улсын харцага цол хүртээд цааш явдаггүй, хар залуугаараа "ахимаг" настай бөхийн тоонд орчихсон.
ХХ зууны манлай бөх Х.Баянмөнх "Би ирээдүйн их аваргыг олж ирлээ" гэж тодоор зарласан. Тэр олж ирсэн залуу нь заал танхимын барилдаанд аварга, арслангуудыг цахилгаан үсний машин шиг "хусаж" байлаа. Гэтэл наадмаар явдаггүй. Х.Баянмөнх арай гэж начин болгов. Увсын галынхан заан цолонд хүргэж өөрөө нэг юм арслан цолонд хүрсэн бөх бол Б.Ганбат юм.
Зарим бөхийн авьяас 18 настайдаа илэрдэг бол арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг нарын гялалзсан ур чадвар 28 настайдаа илэрсэн билээ. Үүн лугаа адил заан Ч.Санжаадамбын бөхийн авьяас түргэн илэрч хурдан дуусчих юм биш байгаа. Түүний барилдаан илэрхий удааширч, барьц сонгохыг хүлээж ч байх шиг. Яруу найрагчид ном их уншихаар шүлэг бичиж чадахаа байдаг гэдэг шиг өөрийнхөө задгай барилдааныг хийхгүй л болсон харагдана лээ.
Архангай аймгийн багаас бас нэг горьдлого тээсэн тоглогч бол заан Д.Рагчаа юм. Хэт том зорилго өмнөө тавьсан, жигд тоглолттой түүнийг азгүйтэл, бэртэл цаг ямагт дагасаар ирсэн. Өдгөө Ч.Санжаадамбын сүүдэрт дарагдчихаад байгаа заан Ч.Рагчаа гэнэт цоорчих ч юм билүү. Архангай аймгийн гал тийм ч багийн тоглолт сайтай биш. Өнгөрсөн жил аймгийн арслан Б.Амарзаяа дөрөв давчихаад байхад нутгийнхан ч тоож хараагүй. Аймгийн арслан Б.Амарзаяа өөрийн хүчээр улсын начин цол хүртээд нэг их дээр үсэрч билээ.
Эдний багаас илүүтэй галаас аймгийн хурц арслан Р.Пүрэвдавга гэж шүд нь тачигнасан залуу бий. Энэ залуу тав давчихвал харцага цолны төлөө тунаж мэднэ. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, заан Д.Хишигдорж нар "хор найруулах" гэдэг ч амжилт олж байгаагүй юм. Мөн Архангай аймгаас илүүтэйгээр хуучны ёс заншил (Цолонд хүргэх, гар амар даваа давуулах) давамгайлсан аймаг бол Өвөрхангай. Энэ галд дархан аварга Д.Цэрэнтогтох, арслан Б.Ганбаатарын нарын нөлөө байсаар ирсэн.
Улсын начин Б.Сайнбаяр зааны даваанд Д.Сумъяабазарыг хаячихаад Д.Цэрэнтогтохоос эхлээд олон бөхчүүлд "Гарьд магнай" кинон дээр гардаг шиг "Одоо чи биеэ мэдэх болжээ. Буянаараа болог" гэж загнуулсан сураг бий. Өвөрхангай аймгийн галаас улсын арслан Доржпаламын Ганхуяг л сайн барилдах болов уу. Харин аймгийн заан Б.Сугаржаргал гэдэг лухгар залуу бий. Жүдо бөхийн үнэмлэхүй жинд барилддаг тэрбээр улсын цолтой бөхчүүдийг хаяад сурч байгаа юм билээ. Хаяж сурна гэдэг улсын цолонд ойртож байгаагийн шинж болов уу.
Өвөрхангай аймгийн галаас улсын түрүү бөх гарна гэдэг өнөө жилдээ лав байхгүй биз. Жил болгон начин цол төрүүлдэг хоёр заантай аймаг бол Ховд юм. Ховд нутгийн Ш.Адьшаа, С.Бямбацогт тэргүүтэй бизнесменүүд бэлтгэл сургуулилтад анхаарч хөрөнгө мөнгө хаяна. Тэр хэрээр нь заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нар начин төрүүлнэ. Төрүүлсэн начин цолтнууд нь гурав дөрвийн даваанд заалны шал арчаастай. Цолонд хүргэх ах нар байсаар байтал сэргээш хэрэглэсэн улсын харцага Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарыг юу ч гэхэв дээ.
Эдний багаас зохиомол хээлтүүлэгийн начин төрөх нь ойлгомжтой. Ингэж жилийн жилд заваардгаа ховдчууд болимоор юм. Харин аймгийн арслан Б.Пүрэвсайхан хэнээс ч гуйхгүй улсын цол авна. Замд нь нутгийн ах нар ч саймширч баллачихгүй бол мөн хурдтай, хараатай барилддаг залуу байгаа юм. Ерөнхийдөө ховдчууд энэ залуугаараа наадмын аз өмөө үзэх нь тодорхой.
Улсын наадмын түрүү бөхөд хүч үзэх гал бол Хөвсгөл аймаг. Гоол оруулах тамирчид нь улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ц.Содномдорж нар юм. Хэн хэнийхээ ар талыг хамгаалж барилдана. Гэхдээ гол цэвэрлэгээг улсын харцага Ц.Содномдорж хийж үр шимийг улсын арслан Х.Мөнхбаатар хүртэх магадлалтай. Улсын харцага Ц.Содномдорж улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших нарын аль нэгийг даваад цолонд хүрвэл Х.Мөнхбаатар амлах магадлалтай.
Харин зааны даваанд Х.Мөнхбаатар, Ц.Содномдоржтой таарвал үзүүр түрүүнд хүрэхийг ерөөгөөд үнсэж мэдэх юм. Гэхдээ нутгийн хоёрыг зааны даваанд таарна гэдэг тийм ч оновчтой таамаг биш. Х.Мөнхбаатар долоо наймын даваанд гол барилдаан хийх магадлалтай бол улсын харцага Ц.Содномдорж гурвын даваанаас эхлээд улсын цолны төлөө мах цусаа тасартал үзэлцэх аймгийн арслангуудтай таарна.
Хамгийн үзүүштэй барилдааныг улсын начин "Дэлдэн" Б.Батмөнх, Чотонгийн Баянмөнх, Ду.Батбаяр, жүдоч Э.Энхбат, улсын харцага Ц.Содномдорж, А.Цацабшир,заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, гарьд Ж.Бат-Эрдэнэ, арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, аварга С.Мөнхбат, даян аварга Г.Өсөхбаяр нарын даваа, унаа гайхалтай байх болно. Тэр тусмаа Г.Өсөхбаяр шиг аварга амьтныг Төрөөгийн Баасанхүү шиг бичил нөхдүүд дараад авах нь цус хөөргөж, нүд баясгадаг билээ л...
Т.Цогт-Эрдэнэ /Daily news/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ