
Түүхэн сонголт болно хэмээн хүлээлт дагуулсан 2012 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намд монголчууд итгэл хүлээлгэлээ.
Бидний сонголтоор шинэ Засгийн газар маань Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс бүрдэхээр болоод байгаа.
Шинэ Засгийн газар байгуулагдахтай холбоотойгоор дараагийн сайд нарын нэрс тодорч эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогоор Ардчилсан намынхны дунд ирэх дөрвөн жилд Засгийн газраа Н.Алтанхуяг, З.Энхболд нарын хэнээр удирдуулахаа хэлэлцэж байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор бусад яамдын сайд хэн байх вэ гэдэг асуудал дээсэн дээр дэнжигнэж байна. Тэдний хэлж буйгаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг УИХ-ын даргад өрсөлдүүлэх аж.
Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг санал нэгтэйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох гэнэ. Харин Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Б.Ариунсанг томилохоор хэлэлцэж байгаа гэв.
Түүнчлэн Хэнтий аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн М.Хүдэрбаатарыг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар томилохоор яригдаж байгаа сурагтай.
Бусад томилгооны хувьд УИХ-ын сонгуулийн 26 тойрогт өрсөлдөгчдөөс Засгийн газрын гишүүдийн 3/2-ыг бүрдүүлнэ хэмээн тохиролцсоны хүрээнд фракц хооронд зөвлөлдөж байна.
Мөн шинэ Засгийн газарт орохоо илэрхийлээд байгаа МАХН-МҮАН-тай энэ талаархи тохироогоо эцэслээгүй байгаа ажээ. Ард түмэн наадмын өнгө ярилцан наадах зуур, Төрийн ордонд сандал, суудлын тохироо үргэлжилсээр байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ