
Үндэсний их баяр наадмын үргэлжилж байгаа энэ цаг мөчид наадамчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн ногоон дэнжид олноороо цугларчээ. Тэр дундаа Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт үзэхээр ирсэн иргэд уламжлал ёсоороо наадмын хуушуураа амтархан идэж байна. Энэ жил наадмын хуушуурын үнэ өнгөрсөн жилийнхийг бодвол нэмэгджээ. Тодруулбал нэг хуушуур 1000 төгрөг. Харин шорлог 6000-7500 байгаа бол нэг аяга айраг 1500-2000 төгрөг байна.
Үүний зэрэгцээ зайраг, ус ундааны худалдаа эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхой хувиар нэмсэн байна. Төв цэнгэлдэхэд хамгийн олон байгаа хэрнээ гүйлгээ муу байгаа бараа бол шүхэр, борооны цув. Аргаа барсан худалдагчид хурмастаас хур оруулахыг гуйж байгаа харагдсан. Харин бие нь дээр зураг зурах болон зураг наах үйлчилгээ үзүүлж байгаа иргэд завгүй байна. Мөн "Монгол" гэсэн бичиг, далбаа бүхий футболк эрэлт ихтэй байсан юм.
Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх, хулгайд эд зүйлээ алдах явдал мэр сэр гардаг. Тиймээс энд хөдөлгөөнт, машинт, явган эргүүлээс гадна морьт эргүүл ажиллаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ