
Үндэсний их баяр наадмаа өргөн олноороо тэмдэглэж байгаа энэ үед бид Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга цагдаагийн хошууч С.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн хувьд замын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн жил баяр наадмын үеэр зам тээврийн осол, цөөнгүй гарсан. Өнөөдөр баяр наадмаар тоог нь дурдаад хэрэггүй байх. Нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд замын цагдаагийн газраас бололцоотой бүх л арга хэмжээг авч байна. Үндсэндээ замын цагдаагийн бие бүрэлдэхүүн хоёр хэсэг хуваагдан ажиллаж байна. Нэг хэсэг нь нийслэлийн гудамж замын зохицуулалт дээр цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд ажиллаж байгаа бол нөгөө хэсэг нь Хүй долоон худагт буюу морин дээр ажиллаж байна. Бидний ажилд “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг” нэмэр болж байна. Ард иргэд хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст мөн тус дэм болж ажиллаж байна. Энэхүү байгууллага нь сайн дурын ТББ байгаа юм. Энэ жил тус ТББ нь өөрсдийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж ард иргэдэд үйлчилгээ үзүүлж буянлаг ажиллагааг арвижуулж байна гэж бид үзэж байна.
-Баярын өдрүүдээр цагдаагийн хичнээн бие бүрэлдэхүүн ажиллаж байна?
-Замын цагдаагийн алба хаагч нар нийслэлийн хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн Налайх, Багахангай дүүрэг, Төв аймаг гэх мэт харьяалагддаг постуудыг татан ажиллуулж байна. Одоогийн байдлаар зам тээврийн ноцтой осол гараагүй, тайван амгалан хөдөлгөөн жигд урсгалтай, ачаалалтай зам болон түгжрэл сааталгүй ард түмэн өргөн дэлгэр баярлаж байна.
-Баярын эхний өдөр хөдөлгөөн харьцангуй бага байдаг. Маргааш Хүй долоон худагт Соёолон насны морьдын уралдааныг наадамчид илүү үзэх сонирхолтой байдаг шүү дээ?
-Тиймээ. Монголчуудын хийморийг сэргээдэг нь соёолон насны морьдын уралдаан байдаг. Хотын урсгал Хүй долоон худаг руу чиглэдэг. Мөн бөхийн барилдааны сүүлийн даваануудыг үзэгчид ихээр үзэж сонирхдог энэ үеэр замд түгжрэл үүсдэг. Энэ үеэр наадамчин олон, жолооч нар маань эртлэн гарч очих газартаа очоорой гэж зөвлөмөөр байна. Соёолон насны морьдын уралдааны үеэр жолооч нар нэлээдгүй зөрчил гаргадаг. Өмнөх жилүүдээс харж байхад урсгал сөрөх асуудал ихэнх жолооч нар гаргадаг. Урсгал сөрөх, эгнээ байдлаа зөв эзлэх, хөдөлгөөний хурдаа тааруулах гэх мэт зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. Гол зүйл гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд замын хөдөлгөөнд оролцдог явдлаа зогсоох хэрэгтэй байна. Хэрвээ та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан тохиолдолд хүлээх хариуцлага өндөр. Хамгийн гол нь хүний алтан амь хохирох явдал гарч байдаг. Тэгэхээр архи согтууруулах ундаа, айраг хэрэглэсэн л бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тал дээр үргэлж бодож явах хэрэгтэй.
-Хотын зарим газраар зам засварын ажлууд хийгдэж байгаа. Энэ нь түгжрэл үүсэх нэг шалтгаан болдог?
-Өнгөрсөн жилүүдийг бодоход энэ жил 22-ын товчооны зам засврын ажил дууссан. Замыг нь өргөсгөж хөдөлгөөнд орох боломжтой болсон. Урьд жилүүдэд бид Хүй долоон худаг руу тодорхой цагуудад нэг чиглэлийн урсгалаар зорчиж байсан. Энэ жил замын ачаалал харьцангуй дээрдсэн.
-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарсан уу?
-Одоогийн байдлаар гараагүй байна. Сүүлийн жилүүдэд монгол түмэн минь сайхан баярладаг болжээ. Нийт монголчууддаа Замын цагдаагийн газраас сайхан наадахыг ерөөе.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ