
Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа наадамчин олны таамгийг будилуулсан, гал гарсан ширүүн барилдаануудаар дүүрэн байлаа. Мөн аваргуудад халгаатай наадам хэмээн нэрлэж болох аж.
Учир нь наадмын түрүү бөхөд зүй ёсоор нэрлэгдээд байсан улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан П.Бүрэнтөгсд өвдөг шороодсон бол наадамчид дээгүүр барилдана хэмээн тооцоолж байсан улсын даян аварга Г.Өсөхбаярыг аймгийн заан Б.Сугаржаргал өвдөг шороодуулсан юм.
Энэ наадамд зодоглосон улсын таван арслан бүгд дөрвийн даваанд учраа бөхөө өвдөг шороодуулсан ба тавын давааны баруун зүүн жигүүрийг улсын арслан Д.Ганхуяг, улсын арслан Б.Ганбат нар манлайлан барилдахаар болж байна.
Гарьдуудаас наадмын сорилго барилдаанд түрүүлж өнгөтэй буйгаа баталсан Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Пүрэвсайханд өвдөг шороодсон нь басхүү таамгийг бүр ч будилуулж орхилоо.
Улсын заан цолтнуудаас дээгүүр барилдах нь тодорхой хэмээн наадамчин олон, нутаг усныхан нь найдаж суугаа улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, Д.Рагчаа нар дөрөв даваад байна.
Харцагуудаас энэ жилийн наадамд нэгийг дуулгах нь лавтай хэмээгдэх Ө.Бат-Орших, Ч.Содномдорж нар учраагаа давсан бол Ө.Даваабаатар улсын начин Ч.Санчирт өвдөг шороодсон билээ.
Ингээд тавын даваанд улсын цолгүй таван шижигнэсэн залуу бөх үлдээд байна. Магадгүй тэднээс улсын цолтнууд жийрхэж тунаанд үлдэх хувилбар ч гарч болно.
Ийнхүү энэ жилийн наадмын начны даваа хэний ч тааваршгүй гайхалтай барилдаануудаар дүүрэн болох нь ээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ