
Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Боловсролын хуурамч баримт бичиг ашиглаж төрийн албанд томилогдсон хүмүүсийн асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд БСШУЯ, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, ЦЕГ-ын удирдлагуудаас гадна боловсролын хуурамч баримт бичигтэй ажилтан ажиллуулж байсан тухайн албан байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.
2010 онд хуралдсан Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Боловсролын хуурамч баримт бичигтэй хүмүүс төрийн албанд ажиллаж байгаа тухай авч хэлэлцээд үүнийг таслан зогсоохын тулд Төрийн албаны зөвлөл, БСШУЯ, Авлигатай тэмцэх газар, МХЕГ, ЦЕГ хамтран "Боловсролын хуурамч баримт бичиг ашиглан төрийн албанд томилогдох явдлыг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөө" гаргасан юм.
Уг төлөвлөгөөний дагуу МХЕГ-аас энэ онд нийт 3201 албан хаагчдын 3840 боловсролын баримт бичигт хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар 54 иргэний 56 диплом, боловсролын баримт бичиг хуурамч байгааг тогтоосон. Энэ удаагийн хуралдаанаар боловсролын хуурамч баримт бичиг ашиглан, төрийн албанд тушаалд томилогдсон нь нотлогдсон 33 иргэний асуудлыг хэлэлцээд, тэднийг тухайн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, төрийн албанд ажилласан хугацааны цалин, тэтгэмжийг 2011 оны 11-р сард багтаан буцаан төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 тогтоолоор баталсан "Төрийн албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-д төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөөс нэр дэвшүүлэх бүрт боловсролын баримт бичгийг "Боловсролын мэдээллийн сан"-тай тулгаж байхаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуралдаанаас тогтов. БСШУЯ дотоодын их, дээд сургууль төгсөгчдийн мэдээллийн сантай болж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөл энэ сангаас шаардлагатай мэдээллээ авч байх талаар тохиролцоод байгаа юм.
Энэ нь цаашид төрийн албанд боловсролын хуурамч баримт бичигтэй иргэд шургалахыг таслан зогсоох ажлын нэг болно. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-д өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтөөр тухайн байгууллагын Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчлийн тухай мэдээг харьяа аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд, Салбар зөвлөлүүд нэгдсэн дүнгээ Төрийн албаны зөвлөлд ирүүлж байхаар тогтлоо.
Харин Салбар зөвлөлгүй байгууллагууд Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороонд мэдээгээ ирүүлэх юм. Мэдээг жилд хоёр удаа авснаар ёс зүйн аливаа зөрчилд хяналт тавихын зэрэгцээ маргаантай зөрчлүүдийг шийдвэрлэх арга зүйн зөвлөгөө өгөхөд дөхөм болох юм. Түүнчлэн Төмөр замын газрын дэд даргын, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтанд дүгнэлт гаргуулах санал ирүүлснийг хэлэлцээд, Төмөр замын газрын дэд даргаар Л.Пүрэвбаатар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар Ж.Тамир нарыг томилуулахаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нарт санал болгохоор тогтов. Мөн Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ