Нийтийн албан тушаалтан сурталчилгаанд оролцож болохгүй
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуульд нийтийн албан тушаалтанд буюу төрийн албан хаагчдад 12 төрлийн хориглолт, хязгаарлалт тавигдаж байгаа юм.
Хуульд заасан зарим хориглолт, хязгаарлалтын талаар дурдъя. Нийтийн албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг энэ хуулиар хоригложээ. Албаны чиг үүргийн дагуу зөвхөн өөрт нь буй мэдээллийг найз нөхөд, хамаатан садан, танил талдаа дамжуулж, улмаар тэдэнд ашигтай байдал үүсгэх явдал өдгөө түгээмэл байгааг бид мэднэ. Тиймээс үүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэх бодит тохиолдол хэмээн үзэж, ийм нөхцөл байдал гаргуулахгүй байх үүднээс шинээр даган мөрдөж байгаа хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т тусгайлан заажээ.
Түүнчлэн нийтийн албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно. Тухайлбал, гаалийн байцаагч гаалийн мэдүүлгээ хэрхэн бөглөх талаар сурталчилгаанд оролцож болох ч замын хөдөлгөөнд соёлтой оролцох тухай жолооч нарт зориулсан сурталчилгаанд тоглож болохгүй юм байна. Мөн нийгмийн шинж чанартай сурталчилгаанд зөвхөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүн оролцож болохоор хуульчилжээ.
Нийтийн албаны нэр хүндийг ашиглан хэн нэгний бүтээл болон ямар нэгэн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх сэжүүр болдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ