Эх орныхоо төлөө зориулсан амь


Түүний худаг ус, цэргийн анги, салбарын
байршлыг тодорхойлсон гар зураг.
Мөн 1942 оны 10 дугаар сард тагнуулын ажлаар явсан мэдээндээ: “Халхын оргож ирсэн айлуудыг ноднин жил зүүн тийш нүүлгэж, Дархан бээлийн зүүн зах хавьд тусгай нэгэн хошуу байгуулж, Очирдарь хувилгаан ба Дилав гэгээнээр толгойлуулж байгуулсан ба эл хоёр нь тусгай цэрэгтэй юм байна. Одоо тэд энд байхгүй гэнэ.” гэснээс үзэхэд халхаас дүрвэн гарсан иргэд болон Дилав хутагт В.Жамсранжавын үйл ажиллагааг тодруулах даалгавартай явсан бололтой.
1943 онд хилийн чанадад хэд хэдэн удаа тусгай үүрэгтэй гүйцэтгэхдээ харъяалсан анги, салбарын анхаарлыг татаж байсан асуудал болон төвийн удирдлагыг мэдээллээр хангах үүднээс Өвөр Монголын Улаанцавын чуулганы Дунд гүний хошууны чиглэлд ажиллаж, тус чиглэлд ажиллаж буй суурин нууцтай холбоо барьж, мэдээ дамжуулах, мөн тус хошууны засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, эдийн засгийн нөхцөл байдал, ард олны санал сэтгэгдэл, хошууны нутагт буй японы цэргийн анги, салбарын тухай мэдээлэл цуглуулах үүргийг гүйцэтгэж байжээ.
Ж.Гончигийн гадаадад үүрэг гүйцэтгэсэн
маршрутын схем. 1943 оны 3 дугаар сар
1944 оны эхний хагаст хилийн чанадад хэд хэдэн удаа үүрэг гүйцэтгэхдээ суурин нууцтай холбоо барих, Дунд гүний хошууны суурьшил бүхий газруудаар гарч байгаа цэрэг, тагнуулын өөрчлөлт ба мөн хошууны нөхцөл байдлыг судлах зэргээр ажиллаж байжээ.
Баримтаас үзэхэд Ж.Гончиг 1944 оны 6 дугаар сарын 10-нд хилийн чанадад ажиллаж байсан суурин нууцтай холбоо барихаар яваад 1944 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянбор дахь япон цэргийн ангид баригдан улмаар Батхаалга дахь японы тагнуулын газар хүргэгдэн очиж, хүнд эрүү шүүлт, байцаалт үзсэн боловч нууцаа задлахгүйн тулд амиа хорлож нас барсан байна.
1970 онд түүний гэр бүлээс гүйцэтгэж байсан ажил, үйл хэргийг нь тодруулах хүсэлтийг НАХЯ-нд ирүүлсэн бөгөөд уг өргөдөлд: “1940-өөд оны үед улс орондоо ямар нэг чухал ажил үүргийг гүйцэтгэдэг болоод ч тэр юмуу олон хоногоор гэртээ байхгүй нь их болсон. 1944 оны зун өртөө хийхээр хэдэн морьдоо аваад явсан юм. Гэтэл өртөө хийх сарын хугацаа дуусахад өвгөн маань гэртээ буцаж ирсэнгүй. Хамт явсан хүмүүс нь хэдэн морьдыг нь хүргэж ирэхэд өвгөнөө сураглавал “Өртөөнд очоод хэд хоноод гэртээ хариад ирнэ гээд явсан. Ирээгүй юмуу” гэж өөдөөс асуусан. Тэгээд хань маань орон гэр, үр хүүхдэдээ эргэж ирээгүй юм” гэснээс тусгай үүрэг гүйцэтгэхийн хүнд хэцүүг эрхэм уншигч та ойлгох бизээ.
Хүний нутагт мэргэжсэн тусгай албаны хараа хяналтын дор жирийн нэгэн малчин хэдэн арван хоногоор тэдэнтэй далд тулаанд гарч ажиллах нь ур ухаан, самбаа зориг, тэсвэр хатуужлын дээд шалгуур нь болж байв. Тэдгээр далд тулааны дайчид эх орон, ард түмнээ гэсэн итгэл, сэтгэлээр гэр бүл, өөрийн амь биеэ умартан түмэн бэрхшээлийг давж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нь тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
Тэдний олж ирсэн үнэт мэдээлэл нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэн бататгах, хойч үеийнхний амар амгалан амьдралын баталгааг хангахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилдэг юм.
Үйлс нь түүх болон үлдсэн далд тулааны дайчдын гүйцэтгэж байсан үүрэг, үйл ажиллагааны нэгээхэн хэсгээс өгүүлэхийн учир нь улс орныхоо аюулгүй байдлын манаанд эх орон ард түмнийхээ тусын тулд хийж байгаа юм шүү гэсэн итгэл, үнэмшлээр зүтгэж явсан нь мөнхрөн үлдэх гавъяатай гэдгийг сануулахыг зорилоо.

Судлаач Б.Эрдэнэбилэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ