Жудо бөхийн тамирчид эхний өдөр 3 медаль хүртлээ
Хүүхдийн спортын 5-р их наадмын жудо бөхийн тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 44, 48, эрэгтэйчүүдийн 50 кг-ийн жингийн барилдаан боллоо. Ингээд жудо бөхийн тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль эхний өдөр хүртлээ. “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын жудо бөхийн тэмцээн өчигдөр “Эллэй Боотур” спортын цогцолборт эхэллээ. Охидуудаас “Женко” клубын тамирчин Э.Базаррагчаа 48 кг-д аваргын алтан медалийн төлөө Оросын тамирчинтай барилдаж сууж үүрэх мэхээр өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр тэрээр жудо бөхийн төрөлд анхны алтан медалийн салхийг хагалж байна.
Мөн охидоос “Женко” клубын тамирчин П.Буянхишиг 44 кг-д хүрэл медаль хүртлээ. Тэрээр өрсөлдөгч бөхөө хонгодох мэхээр ялсан юм.
Хөвгүүдээс Спортын дунд сургуулийн тамирчин Б.Сумъяабазар 50 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн юм. Сумъяабазар өрсөлдөгчөө сугадаж үүрэх мэхээр ялсан юм.
Өнөөдөр жудо бөхийн эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 52, 57, 63 кг-ийн жингийн барилдаан болж байгаа юм. Маргааш жудо бөхийн хүндийн жингийн барилдаан явагдсанаар “Азийн хүүхдүүд” спортын 5-р их наадмын тэмцээн өндөрлөж байгаа юм. Мэдээллийн ивээн тэтгэгчээр компьютерийн Онлайн төв ажиллаж байна.
Сурвалжлагч А.Алтанчимэг, зураглаач Ласран нар Саха улсын Якутск хотоос мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ