ҮЗХ өнөөдөр хуралдана
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт Төрийн ордонд хуралдсан юм. Ардчилсан нам бүлгийн хуралдаанаараа УИХ-ын гишүүдийн саналаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар 96.4 хувийн саналаар сонгожээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад тус намын дарга Н.Алтанхуягийг 96.4 хувийн саналаар тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаасаа гарсан шийдвэрийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж ҮЗХ-гоо өнөөдөр 11 цагаас Төрийн Ордны Их танхимд хуралдуулах болсон тухайгаа дуулгасан.
Өнөөдөр болох ҮЗХ-ны хурлын үеэр Ардчилсан намын удирдлагуудын гаргасан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах шийдвэр дэмжигдвэл, шинэ Засгийн газар байгуулагдах юм.
Ямар ч байсан Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн нэр эртнээс дуулдсан боловч зарим эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох сураг ажиг гарч байна. Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Б.Болорын нэр дуулдаж байгаа бол Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэрийг дэвшүүлэх бололтой.
Харин “Шударга ёс” эвслийн зүгээс Гадаад харилцааны сайдад Э.Батшугарыг зүтгүүлэх сураг байгаа бол Хууль зүй, дотоод хэргийн сайдад Л.Цогийг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Батлан хамгаалах яамны сайдад нэр дэвшүүлэх сурагтай.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ