Билл Клинтон охины хамтаар Африкт айлчилж байна

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өөрийн охин Челсигийн хамтаар 6 өдрийн айлчлалыг Өмнөд Африкт хийж байна. Тэдний айлчлал өчигдөр Йоханнесбург хотын Совето дүүргээс эхэлсэн юм. Тэнд залуучуудын төвд зочилсон бөгөөд хүүхдүүд тэднийг дуулан угтжээ. Клинтон болон Өмнөд Африкийн хуучин Ерөнхийлөгч Нелсон Мандела нар 2005 онд “The City Year” нэртэй халамжийн төв байгуулсан юм. Тэр үеэс хойш энэ төв 23 мянган хүүхдэд сургуулийн дараах тусламж үзүүлсэн байна. Клинтон тус төвд илүү их тусламжийн мөнгө цуглуулахыг хичээж байгаа бөгөөд энэ нь улсаас халамж үзүүлж чаддаггүй тэрхүү цоорхойг нөхөхөд дэм болно гэдгийг хэлсэн юм. Энэ ажлын зорилго нь Өмнөд Африкийн сургуулийн насны ядуу амьдралтай хүүхдүүдэд хүссэн ирээдүйгээ бий болгоход туслах гэнэ. Клинтон  залуучуудын төвд хийсэн уулзалтынхаа үеэр “ Энэхүү ажил нь эдгээр хүүхдүүдэд хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байж, хүссэнээрээ амьдрах эрхтэй гэдэг санааг ойлгуулахад чиглэж байгаа юм. Үүнийг л бид дэлхий даяар хийх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Тэрээр Манделатай мягмар гаригт буюу 94 насны төрсөн өдрийнх нь өмнөх өдөр уулзахаар төлөвлөжээ. Клинтоныхоны айлчлал Өмнөд Африк, Мозамбик, Руанда, Угандагаар үргэлжлэх юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ