
Монголд маш хэрэгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний нэгэн төв байгуулах тухай өнгөрсөн хамтарсан Засгийн газрын өнгөнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны сүүлчээр мэдэгдэж байсан. Энэ бол цус харвасан өвчтөнд зориулсан оношлогоо эмчилгээний яаралтай тусламжийн газар юм. Одоогоор АНУ-ын Мянганы сорилтын сангийн корпорацаас 6,5 сая ам.доллараар санхүүжүүлж эхлээд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөхөөр нь ажиллаж байна. Үндсэндээ 2011-2013 оны “Цус харвалт буюу зүрхний шигдээс өвчнийг анагаах” төслийн хүрээнд хэрэгжих учиртай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шалтгаан нь зүрхний шигдээсээр хорвоог орхигсдын 60-70 хувьд нь цусны даралт ихэссэнээс үүдсэн цус харвах өвчний онош тогтоогдсонтой холбоотой. Дэлхий дахинаа өдөрт зургаан хүн тутмын нэг нь цус харвадаг юм байна.
Манай улс ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 37 орны дотроос дээрх оношоор, ялангуяа эмэгтэйчүүдийн нас баралтын төвшингөөр тэргүүлж буй учраас эмнэлгийн төрөлжсөн тусламжийн төв байгуулах талаар Мянганы сорилтын санд хандсанаар дэмжлэг авчээ. Яаралтай тусламж үзүүлэх өвчтөнийг гурван цагийн дотор шинжилж оношилдог, түүний үндсэн дээр эмчилдэг ийм төв олон оронд байдаг боловч манайд байсангүй. Яагаад гэвэл сүүлийн үед анагаахын практикт нэвтэрсэн цус харвасан өвчтөний цусны бүлэнг хайлуулах эмчилгээний эм тариа болоод тоног төхөөрөмж манай эмнэлгүүдэд хараахан нэвтэрч амжаагүй байгаа юм. Энэ төвийг хаана байгуулах талаар ЭМЯ-наас тогтсон тов тогтоолгүй удсанаас дээрх төслийн хэрэгжилт сунжирч байна. Эхлээд шинээр байгуулах гурван төвийг клиникийн I, III нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн шууд харьяанд, улмаар баруун бүсийн Ховд аймагт байгуулна хэмээн ярьсаар нэгэн жилийг үдсэн ч одоо клиникийн III эмнэлгийг түшиглэж байгуулахаар төслийн баг ажиллаж байгаа ажээ. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөсний дагуу ямар тоног төхөөрөмж авах ёстойг сонгосны үндсэн дээр тендер зарлан шалгаруулж, гэрээ байгуулж дуусах шатандаа явж байгааг Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван ярьж байна.
Мөн нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадад сургаж бэлтгэхэд наад зах нь зургаан сарын хугацаа шаардагдана. Дээр нь орон байрны асуудлыг Засгийн газраас даруй шийдвэрлэж өгөх учиртай. Иймээс шинэ Засгийн газрын анхаарлын төвд дээрх төслийн хувь заяаг яаралтай шийдвэрлэж, эрүүл мэндийн салбарт бодитой алхам хийх асуудал тулгарч байна. Судалгаагаар 1991 онд Монгол Улсын хүн амын 100 мянган хүнд цус харвалтын 62 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2001 онд 132 болсон нь илэрхий өсөх хандлагатай болжээ. Хэрвээ тус төв даруй байгуулагдвал цус харвасан өвчтөнийг цаг алдалгүй оношилж, сэхээн амьдруулах эмнэлгийн яаралтай тусламж үзүүлснээр тархины цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөр олон хүн амь насаа алдах явдлаас аварч чадна. Одоогоор манай улсад цус харвасан өвчтөний амийг аврах гол арга болсон бүлэн хайлуулах эмчилгээ хийх боломжгүй байгаа.
Ийм оноштой өвчтөн гуравхан цагийн дотор эмнэлэгт ирж, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийлгэн онош тавиулсан байх ёстой. Одоогоор тэрхүү нөхцөл бололцоо бүрдээгүй байгаа ч дээрх төслийг хэрэгжүүлснээр эмнэлгийн энэхүү тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хангагдана. Эмнэлгийн яаралтай тусламжийг амжиж хүртэхийн тулд цус харвалтын хамгийн түрүүнд анзаарагдах шинж тэмдгүүдийг мэдэж байх хэрэгтэй. Юу гэвэл ам мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх нь түгшүүрийн харанга дэлдэх гурван эх үүсвэр болдог юм байна. ДЭМБ энэхүү гурван шинж тэмдэг дээр бүх биеийн тал нь сулрах, ой санамж эвдэрч эхлэх явдлыг нэмж анхааруулж байна. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд яаралтай түргэн тусламжийн төвийн харилцах утасны 103 дугаарт залга. Ингэснээр цус харвалт өгсний дараах гурван цагийн дотор тархины компюьтер томографийн зураг авч, нарийвчилсан шинжилгээний үндсэн дээр эмч нарын багийнхан эцсийн шийдвэр гаргадаг. Гэхдээ зөвхөн өвчтөний ар гэрийнхний зөвшөөрлөөр л бүлэн хайлуулах мэс ажилбарыг хийдэг. Эл баталгааны ард өвчтөн нэг бол хөл дээрээ босно, үгүй бол хийсэн эмч буруугүй гэсэн баримт болдог. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Энэ мэс ажиллабар нь хүний биеийн бүх судсаар дамжин хийгддэг учраас харшлах заалттай өвчнөөс гадуур хийгдэх учиртай аж. Ухаандаа ходоод дотрын шархлаатай бол судсаар хийгдэх эмчилгээний үед цус алдах эрсдэл өндөртэй юм байна. Өнөөдрийн ханшаар бүлэн хайлуулах эмчилгээний тарианы үнэ гэхэд дор хаяж 1000 ам. доллар, цаашилбал 1200-1500-д хүрнэ. Энэ өртөг зардлыг эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн авч чадахгүй одоогийн тогтолцооны үед хаана хаанаа хэцүү.
Манай оронд тархинд цус харвалт, түүнээс үүдэн амь насаа алдах нь жилээс жилд ихэсч, хавдар, зүрхний шигдээс өвчинтэй өрсөлдөн эхний байрыг булаалдах болсон учраас манай эмч нар гар хумхин суусангүй. 2009 онд Монголын строке нийгэмлэг байгуулан энэ аймшигт өвчинтэй хүчээ нэгтгэн тэмцэж байна. Монголын харвалтын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны магистр Л.Энхсайхан дараах анхааруулгыг өгч байна. Тархинд цус харвалт хэр олон тохиолддог вэ? Дэлхийн хэмжээнд тархины цус харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй нас баралтын тоогоор хоёрдугаар байрыг эзэлж, дэлхийн хэмжээгээр жилдээ 15 сая хүний аминд хүрсэн тоо баримт байна.
Монгол Улс энэ үзүүлэлтээр толгой цохих орны тоонд ойртжээ. Тархинд цус харвах гэдэг нь тархины судасны ханын эмгэг өөрчдөлт, цусны өтгөн, шингэн байдлын өөрчлөлт, судасны хананд үзүүлж байгаа цусны даралт ихсэх зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаар. Иймээс тархины аль нэгэн судас бөглөрөх, хагарах, судасны ханаар цус нэвчин гарах үед тархины эдэд цус хуралдах, эсвэл тархины эдэд цус дутан тархины тухайн хэсэг,т хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдалд орж, тархины үхжилд хүргэх үйл явцад хүргэхийг хэлнэ. Цус харвасан үед авах арга хэмжээ Өвчтөн өөрийн ухаантай байгаа бол тайван, хөдөлгөөнгүй хэвтэж, хүнд мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүсээс байвал яаралтай 103 дугаарт залган дуудлага өгч, харвалт өгсөн цаг, эрүүл мэндийн урьдын түүхийг үнэн зөв мэдүүлж, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Эмч ирэхийг хүлээх зуур өвчтөний толгойг 30 градус өндийлгөн дэр ивж өгнө. Салхивчаа нээн цэвэр агаар оруулж, цусны даралт нь өндөр байвал өмнө ууж байсан эмийг нь өгнө. Эм байхгүй тохиолдолд хөлийг бага зэрэг бүлээн усанд дүрнэ. Ухаангүй байвал эм өгч болохгүй. Бөөлжсөн үед толгойг хажуу тийш харуулан амны хөндийг цэвэрлэж, хиймэл шүдийг авах нь зүйтэй. Харин түргэн тусламжийн эмч цусны даралт, цусан дахь даралтыг тодорхойлон, шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, зохих эмнэлэгт шуурхай хүргэнэ. Тархины судсаа эрүүл байлгахын тулд юуг анхаарах вэ? Энэ нь танаас хамаарна.
Та амьдралын хэв маягаа эрүүл болгох, давс, өөх тос, чихэр бага хэрэглэх, жингээ барих, хөдөлгөөнийг эрхэмлэх гээд энгийн зарчмуудыг баримтал. Түүнээс гадна монголчуудын дунд түгээмэл нэг асуудал бий. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дулимагаас стрептококкийн халдвар авч, олон хүн архаг ангина, шүдний өвчтэй болсон байдаг. Эдгээр нь тархины судасны ханыг гэмтээдэг. Иймээс хүүхдээ багаас нь шүд, хоолойг нь эрүүл өсгөхөд эцэг эхчүүд анхаар. Шүд, хоолойн эмгэгтэй болсон бол өдөр бүр амны хөндий, өглөө оройд хоолойгоо давс, содтой усаар зайлж занших нь хэрэгтэй. Эрүүл биш судас амархан нарийсах, цоорох зэргээр харвалт өгдгийг анхаар нь чухал. Тамхи бол тархи, зүрхний судсыг хамгийн ихээр гэмтээдэг. Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг байна.
Мөн судасны ханын эвдрэлийг үүсгэн, судасны цүлхэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Архины хэрэглээг өдөрт 30 мл, шар айргийг 720 мл, вискийг 60 мл-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Харвалт өгсөн үед архи уух нь сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь буруу. Даралт ихтэй судас хагарсан тохиолдолд архи уух нь амархан хүндэрч, үхэлд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ байнга үзүүлж мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллох, жингээ барих, хөдөлгөөн ихтэй байх нь сахарыг багасгана. Хэрэв сахарын диабет өвчтэй бол сахар хэмжигчтэй байж, байнга хэмжин зөв дэглэм барьж, эмчийн хяналтад байх нь тустай. Харвалт юунд хүргэх вэ? Наад зах нь ярьж чадахгүй болох, яваандаа явж чадахгүй болох, цаашдаа өтгөн шингэн нь хаагдаж, эсвэл гоожих, улмаар сэтгэж чадахгүй болон амархан ядарч сульдах, хараа муудаж хүний асрамжид орох, тэгээд зогсохгүй давтан харваж үхэлд хүргэдэг байна. Харамсалтай нь он гараад ашиглалтад орох ёстой байсан цус харвасан өвчтөнүүдийн яаралтай тусламжийн гурван төвийн үүд одоо хэр нээгдэх нь эхний ганцыг хаана байгуулах нь ч бүрхэг хэвээр байна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ