Орхонд өндөр хүчдэлийн тулгуур багана унажээ

img

Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ сарын 13-14-нд шилжих шөнө хоёр цагийн турш усархаг бороо орж үер буусан байна. Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, 260 өрх, авто замын гүүр, гарц, хүнсний ногооны талбай усанд автан өндөр хүчдэлийн тулгуур багана унаж, хазайн, цэвэр усны шугам эвдэрчээ. Мөн Завхан, Аархангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд аймагт түр зуурын усархаг бороо орж, аянга буун хохирол учруулсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдан цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргажээ. Энэ дагуу Завхан, Орхон аймгийн улсын чанартай авто зам, үерийн далан, гүүр сэтэрснийг сэргээн засварлах, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт 40 км урттай үерийн далан шинээр барих, Улаанбаатар-Дархан-Уул-Сэлэнгэ-Орхон-Булган-Хөвсгөлийн чиглэлийн зам дээрх болон Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, Хангал голын гүүрийг засварлахыг сайд Ц.Дашдоржид даалгасан байна. Мөн Завхан, Орхон аймгийн өндөр хүчдэлийн болон цахилгааны тулгуур багана хазайж, унасныг засах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 23 мянга гаруй өрх, 12 мянган аж ахуйн нэгж, байгууллагыг  цахилгаанаар хангадаг агаарын шугамын тулгуур баганыг шилжүүлэн байрлуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, эрчим хүчний найдвартай байдлыг ханган, гал түймэр гарах, хүчдэлтэй шугам газардахаас сэргийлэхийг сайд Д.Зоригтод үүрэг болгосон байна. Түүнчлэн цэвэр, бохир усны шугам гэмтсэнийг засах, гэр хорооллын бие засах газар, бохирын ус хальсан зам, талбайг ариутгаж халдваргүйжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзвэл энэ сарын 19 хүртэл ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа учир үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Улсын Онцгой комиссоос ард иргэдэд анхааруулж байна. Ялангуяа иргэд сэрүүцэх гэж гол, нууранд орохын зэрэгцээ гарц гарамгүй газраар гол гаталж байгаад амь насаа алдах нь түгээмэл байгаа учир анхаарал, болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ