Н.Алтанхуяг: Хариуцлагыг чангатгана
ҮЗХ-ны хурлын шийдвэрээр Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авлаа.
-Та Ерөнхий сайд болвол хамгийн тэргүүнд ямар ажлыг хийх вэ?
-Хариуцлагатай байдал, шударга ёсыг тогтоох чиглэлд дорвитой ажил хийнэ.
-Хэдэн яамд шинээр байгуулагдах вэ. Яамдыг дагаад ажлын орон тоо нэмэгдэх үү?
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдээ ажил хөдөлмөртэй болгох асуудал нэгдүгээрт тусгагдсан.Тиймээс Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна.Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хуульдаа илүү анхаардаг, хүний эрхийг дээдэлдэг байхад анхаарлаа хандуулдаг болгох үүднээс тусад нь байгуулна. Өмнөх Засгийн газрын үед харж байхад салгаж тодорхой чиг үүргээр нь ажиллуулмаар яамд байсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг өсч байгаатай холбоотой Эрдэс баялаг Эрчим хүчний яам гээд хоёр том салбарын асуудлыг нэг яам хариуцаж байна. Энэ асуудлыг ярих байх. Юуны өмнө бид төрийн үйлчилгээг шуурхай явуулах, хээл хахуулийг устгах, шударга ёс тогтоох. Иргэн бүрийг ажил хөдөлмөртөй болгох зэрэг ажлыг шуурхай хийх шаардлага гарч байна. Яамдын тоо нэмэгдлээ гээд ажлын орон тоо нэмэгдэхгүй. Хоёр хүний хийх ажлыг таван хүн хийж байвал хариуцлагыг чангатгана.
-Засгийн газар хэзээ бүрэлдэх вэ?
- Эхлээд УИХ-аа эмхэлж байгуулна. Үүний дараа Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ