Клинтоны Израйль дахь айлчлалын хураангуй

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр Израйль улсад айлчилсан билээ. Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудыг товчхон дурдъя. АНУ болон Израйль улсууд Ираныг цөмийн зэвсэг хийж байгаа гэж үзэж байгаа бөгөөд энэ үйлдлээ зогсоохыг шаардаж, арга хэмжээ авсаар байгаа. Клинтон энэ талаар “Америк улс Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж байгаа бүх хүчээ ашиглана. Ураны баяжуулалтаа зогсоотол нь дарамт шахалтаа нэмэгдүүлсээр байх болно” гэлээ. Хоёр улс уг явдлыг зогсоох аргыг удаа дараа хэлэлцэж, АНУ гэрээ хэлэлцээр хийх, хориг арга хэмжээ авах аргыг чухалчилж байгаа бол Израйль цэргийн ажиллагаа явуулахыг олон удаа санал болгож байгаа юм. Гэхдээ бүх талууд дипломат аргаар асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаа бөгөөд Ираны асуудал дээр АНУ, Израйль адилхан байр суурьтай байгааг Клинтон хэллээ. “Ираны удирдлагуудад зөв шийдвэр гаргах боломж байсаар байгаа. Сонголтыг Иран өөрөө хийнэ. Гэхдээ одоогоор Иран ямар ч санал гаргахгүй байна ” гэжээ. Уулзалтын үеэр Клинтон Сирид болж буй мөргөлдөөнийг зогсоох, мөн ширүүхэн хөршүүдийн дунд орших холбоотон улс Израйльд Америкийн дэмжлэг хэрэгтэй байгааг онцолсон байна. Хэдий даваа гаригийн уулзалтын хөтөлбөр АНУ-Израйль хоорондын харилцааг өргөжүүлэх талаар ярилцах байсан ч, Израйль болон Палестины хооронд энхийн хэлэлцээр хийх алхам урагшгүй байгаа асуудал анхаарлын төвд байлаа. Клинтоны 12 өдрийн хугацаатай есөн орноор айлчилсан айлчлал ийнхүү дуусч өнөө өглөө Вашингтонд хөл тавьжээ. Тэрээр ирэх нэгдүгээр сард Обамагийн ерөнхийлөгчийн ажлын хугацаа дуусахад ажлаа орхино гэдгээ хэлсэн байна. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ