Байгальд хор хөнөөлгүй барилга байгууламж барих нь чухал
Энэ сарын 1-3-ны хооронд Канад улсын Мерчандайз Март Корпорациас жил бур зохион байгуулдаг 22 дахь удаагийн "Канадын Барилга-2010" нэртэй барилгын олон улсын чуулга уулзалт Канад улсын Торонто хотод амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Чуулга уулзалтаар барилгын салбарт дэлхийд тэргүүлэгч 1000 орчим байгууллагууд оролцож, 200 орчим барилгын шинэ технологи, бүтээгдэхүүнээ гадаадын 25,000 орчим зочид, төлөөлөгчдөд танилцуулан, дадлага туршлагаа өөр хоорондоо солилцож, барилгын салбарт хийх шинэтгэл, өөрчлөлт, цаашдын төлөв байдал, хандлага зэргээр санал бодлоо солилцдогоороо онцлог юм байна. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн хүн амын тэн хагас нь нийслэл хотдоо амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Хүн ам нь өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ мөн дагаад өсдөг ч цаашлаад бидний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг шинжээчид тогтоосон байна. Иймд энэ байдлаас сэргийлэхийн тулд байгаль орчинд учруулах хор хөнөөл багатай, эрчим хүчийг хэмнэлттэй ногоон барилга байгууламж барих нь энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв нь байжээ. Ногоон барилга байгууламжийн өөр нэгэн онцлог гэвэл барилгын эргэн тойронд ногоон хүлэмжээр цэцэрлэгжүүлдэг юм байна. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ