Е.Сагсай: Н.Энхбаярын хуралд оролцоно
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнд эрүүгийн хуулийн 150.2, 263.2 дахь хэсэгт зааснаар буюу албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган гэм бурууг нь хэлэлцэх юм. Хэдийгээр хурлын тов гарсан ч зарим сонин сайтуудад мэдээлснээр уг хэрэгт улсын яллагчаар оролцох Нийслэлийн Прокурорын газрын орлогч Е.Сагсай ээлжийн амралтаа авсан тул шүүх хурлыг нэг сарын хугацаагаар хойшилно гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас тодрууллаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хуралд та улсын яллагчаар маргааш оролцох уу?
-Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдсон шүүгдэгч Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал маргааш товлосон цагтаа болно. Би хуралд оролцоно. Мөн хяналтын прокурор О.Мөнхбаатар ч шүүх хуралд яллагчаар оролцоно.
-Таныг ээлжийн амралтаа авсан тул шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн мэдээлэл байна?
-Би ажлаа хийж байгаа. Ээлжийн амралтаа аваагүй. Ташаа мэдээлэл байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярт үүсгэсэн Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заасан хэргийг маргааш 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд хэлэлцэнэ. Өмнө нь тус дүүргийн шүүхэд хэд хэдэн удаа товлогдсон уг хуралд Н.Энхбаяраас гадна До.Чулуунбаатар, н.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нар шүүгдэгчээр оролцоно.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар оролцох юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ