Бан Ги Мүнтэй уулзав

img

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-тай уулзалт хийжээ. Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд энэхүү харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажилласан ЕНБД-д талархал илэрхийлсэн байна. 2007-2012 оны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тав, Ерөнхий сайд гурван удаа тус тус НҮБ-д албан ёсны айлчлал хийжээ. НҮБ-ын ЕНБД-ын 2009 онд манай улсад хийсэн айлчлал зэрэг нь дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээг тогтмолжуулж, олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэжээ. ЕНБД Бан Ги-Мүн Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр амжилттай ажиллаж байгаад баяр хүргэжээ. Мөн НҮБ-ын гишүүн болсон 50 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцож ирсэн Монгол Улсад талархал илэрхийлээд, энэхүү сайн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд Байнгын төлөөлөгчийн оруулсан хувь нэмэр, мэргэжлийн ур чадвар, туршлагыг өндрөөр үнэлсэн аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ