Ойрхи Дорнодыг хяналтдаа авах айлчлал

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ази, Ойрхи Дорнодоор хийсэн айлчлалаа өндөрлөлөө. Эдгээр бүс нутагт Обамагийн засаглалаас айлчилсан сүүлчийн бөгөөд томоохон айлчлал нь энэ болж байна. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Төрийн нарийн бичгийн даргын айлчлалаас Египет болон Израйль дахь уулзалтуудад нэн чухал ач холбогдол өгч байсныг тэмдэглэжээ. Британийн “The Independent”-д дурдсанаар бол Иранд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаар Израйлыг юу юугүй дайн дэгдээчихгүй байлгахыг Хиллари Клинтоны айлчлал чухалчилсан бололтой гэжээ. Мөн нөгөөтэйгүүр манай улсад сонгууль, наадам болж гадаад ертөнцийг ажиглах завгүй байх энэ үед олон улсын харилцаанд өөрчлөлт оруулах хурцадмал байдлууд ойртож ирсэн байна. Иран улс үе үе ширүүхэн мэдэгдэл гарган барууныхантай хийж буй дипломат дайнаа үргэлжлүүлсээр. Тэд Персийн булан болон Ираны нутаг дэвсгэрийн хөрш зэргэлдээ байрлах АНУ-ын цэргийн баазуудыг хоромхон зуур газрын хөрснөөс арчих чадалтайгаа мэдэгдсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн билээ. Америкчууд энэ бардамналын хариуг нь бариагүй ч Пентагоны нэрээ мэдэгдээгүй эх сурвалжийн хэвлэлүүдэд мэдэгдсэнээр НАСА-гийн гаралтай шинэ технологийн нээлтүүдийг зэвсэглэлд ашиглах, турших, тэр тусмаа Персийн булангийн хавийн америкийн тэнгисийн цэргийн баазуудад илүүтэй нийлүүлэх явдал эрчимжиж эхэлснийг баталсан аж. Энэ нь Ираны бардамнал зүгээр ч нэг мэдэгдэл биш болохыг, америкчууд Шабаб-3 пуужингаас нэлээн бэргэж буйг илтгэж байгаа юм. Гэхдээ барууны хэвлэлүүдэд бичигдэж буйгаар бол Ираны зэвсэглэл одоохондоо хэлсэн, ярьсан шигээ хүчтэй биш, тэдний эргэн тойронд, тодруулбал Ормузын хоолой, Бахрейн, АНЭУ, Афганистанд байрлаж буй АНУ-ын цэргийн баазуудад бэлэн буй пуужингууд Ираны агаарын орон зайг хангалттай хянаж буй хэмээнэ. Мөн НАСА-гийн бүтээгээд буй Ангараг гариг дээр ямар ч орчин нөхцөлд газардаж чадах, 75 кг хүртэлх ачааг тээж, өндөр уулын хад хавцлаар босоо хэвтээгээр чөлөөтэй аялдаг, радарт үл баригддаг аалз маягийн төхөөрөмжийг тухайн бүс нутаг руу зэвсэглэлд ашиглахаар илгээсэн гэдэг нь ч үнэний ортой гэнэ. Ираны хойд хөрш Туркменстан болон зүүн талд нь байрлах Афганистан, Пакистанд эдгээр нэн орчин үеийн төхөөрөмжүүдийг байршуулах баттай суурийг хатагтай Клинтон дээр дурдсан айлчлалаараа тов тодорхой шийдсэн ч гэгдэх. Энэ нь хар үгээр хэлбэл Ираныг сансраас, газраас, цаашлаад ойр хавийн уулсаас нь хүртэл ажиглаж, “камержуулсан” үйл явц гэхэд хилсдэхгүй юм. Израйлийн хувьд сионист дэглэмийг газрын хөрснөөс арчина хэмээх байнгын  “түрэмгийлэл”-д хамгийн түрүүнд өртөх магадлалтай. Тийм ч учраас еврейүүд Ирантай дайтахад бэлнээр барахгүй өмөг түшиг болсон АНУ-ыг үүндээ татан оролцуулахад чармайсаар байгаа. Энэхүү чармайлт нь Израйлийн төрийн өндөрлөгүүдтэй хийсэн Х.Клинтоны уулзалтаас ч тод үнэртэнэ. Харин Клинтоны хувьд хэдийгээр Ираныг тайван орхихгүй ч асуудлыг нэн түрүүнд дипломат аргаар шийдэхийг урьтал болгох ёстой хэмээн мэдэгдсэн юм. АНУ-д хэдхэн сарын дараа ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй. Бүгд Найрамдах намаас хүчтэй өрсөлдөгч Митт Ромнид “өвдөг шороодох” магадлалтай болоод буй Барак Обамагийн хувьд сонгуулиас өмнө олон улсын харилцаандаа сэв суулгах, зэвсэгт мөргөлдөөнд хүрэхийг хүсэхгүй нь лавтай байгаа. Гэсэн ч лалын шашинт ертөнцийн заналхийлэлд оршин буй, терроризмын халдлага, аймшгийг биеэр мэдэрсэн энгийн америкчууд олон улсын харилцаанаас илүүтэй өөрийн орны аюулгүй байдлыг эрхэмлэдэг болсон нь сүүлийн 10 жилд судалгаагаар тогтоогдсон юм. Тиймээс арабын ертөнцийн анти-америк үзлийг толгойлж буй, цөмийн зэвсэг эзэмшихээр улайрч буй гэгдэх хүчирхэг персүүдийг номхотгох нь магадгүй эсрэгээрээ америкчуудын талархлыг хүлээж ч болно. Тиймээс Барак Обама энэ оныг дуустал төрийн тэргүүнд байх хугацаандаа Ираныг ямар нэг аргаар хазаарлах ажиллагаа явуулах нь тодорхой боллоо гэх хардлагыг Хиллари Клинтоны айлчлал ямар нэг хэмжээгээр баталж байна. Америкийн нийгмийн өндөрлөгт еврей гаралтай тэрбумтнууд, улстөрчдийн үзүүлэх нөлөө Ардчилсан болон Бүгд Найрамдах намын алинд нь ч ялгаагүй хүчтэй байсаар ирсэн. Тиймээс ч Израйлийг хамгаалалтгүй орхих нь тэдний хувьд байж боломгүй асуудал. Харин Египет дэх айлчлал нь нэлээн өвөрмөц боллоо. Өндөг, улаан лооль, “Моника” хэмээх хашгиралдааны дунд Каирт очсон Хилларигийн хувьд энэ айлчлал нь амаргүй байсан нь мэдээж. Гэсэн ч айлчлалын үр дүн нэлээд нааштай бололтой. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж буйгаар бол Хосни Мубаракаас хойш түр алдаад байсан стратегийн түншлэлийн харилцааг дахин сэргээх алхмаа америкчууд ардчиллын нэрийн дор амжилттай сэргээлээ гэх. Мөн Суэцийн сувгаар Улаан тэнгист америкийн хөлөг онгоцнууд тун удахгүй орж ирж хяналтаа тогтоохыг энэхүү айлчлалаар наймаалчсан ч хэмээх аж. Ямартай ч Хиллари Клинтоны айлчлал Ойрхи Дорнодод амжилттай болсон төдийгүй, Иракийн дайн, Афганистаныг дайран эзэлснээс хойшхи америкчуудын алдаад байсан стратегийн түшиц газруудаа буцаан авахаар болсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Америк эмгэн ойрхи дорнодыг мөн ч бусниулж байна аа. Дараагий Обама Мши Ладен-чууд АНУ-ыг яаж зовоох бол оо. Ердөө Нефтийн төлөө америкчууд энэ эмгэнийг явуулаад байгаа вм шүү дээ. Хэрэв Монгол улс ойрхи дорнодод байсан бол аль хэдийн Америкчууд хамаг нүүрсийг нь авах гэж дайн өдөөх байсан даа.
2012-07-19