Говь-Алтай аймагт 800 иргэн халдварт өвчин тусчээ
Говь-Алтай аймагт халдварт өвчнөөр өвдсөн иргэдийн тоо 800-д хүрчээ. Эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаагаас гадна усны хомсдлоос үүдэж халдварт өвчин ихэссэн гэнэ. ЭМЯ-наас томилсон ажлын хэсгийнхэн Алтай хотод өвчлөлийг багасгах, ариутгалыг идэвхжүүлэхээр тодорхой ажил хийж эхэлсэн ч өвчлөгчдийн тоо буурахгүй байгаа аж.
Өвчтөнүүдийн дийлэнхи хувийг шар өвчин, үлдсэн хэсэг нь гахайн хавдар, салхин цэцэг, томуугаар өвчилжээ. Аймгийн халдвартын эмнэлэгт 35 өвчтөн хүлээн авах боломжтой ч 63 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд зарим нэг өвчтөнөө гэрээр эмчилж байгаа гэнэ.
Халдварт шар өвчний дэгдэлт эхэлснээс хойш аймгийн цэцэрлэгийн 968, Дарви сумын 1136 хүүхдэд халдвартын эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Өвчний голомтын хүрээг тогтоон анги, цэцэрлэгийн удирдлага, багш нарт сургалт явуулж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ