
“Азийн хүүхдийн спортын V их наадам” энэ сарын 2-ноос 15-ны өдрүүдэд ОХУ-ын Саха улсад болсон. Манай улс уг тэмцээнд спортын 16 төрөлд 101 тамирчин, 23 дасгалжуулагч, зургаан шүүгч, найман албаны хүн нийт 153 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.Эдгээр баг тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Ази тивийн 2760 тамирчин өрсөлдсөн уг наадмаас манай улсын өсвөрийн тамирчид бокс, чөлөөт бөх, самбо, жүдо, хөнгөн атлетик зэрэг төрлүүдээр алт, мөнгө тус бүр ес, 24 хүрэл нийт 42 медаль хүртсэн билээ. Багийн амжилтаар Ази тивийн 26 орноос медалийн чансаагаараа III байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Улсынхаа нэрийг дуурсгаж амжилт арвинтай ирсэн өсвөрийн тамирчдадаа БТСГ-ын дарга Ч.Наранбаатар дурсгалын зүйл гардуулан, Сахагийн тэнгэрт эгшиглэсэн төрийн дуулал Лондонд буухиалахын ерөөлийг дэвшүүлэв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ