
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй Монголын олимпийн багийн төлөөлөгчид Лондон-2012 олимпийн наадмын зохион байгуулах хороотой уулзалтаа дуусгаж, өчигдрөөс тохижилтын ажлаа эхэлжээ. Монголын багийн амьдрах газар “Олимпийн тосгон”-ы SEASIDE хэсэгт байрласан бөгөөд манай олимпчдын гэр нь хоолны танхимаас ердөө 100 метрийн зайтай, тээврийн нэгдсэн буудлаас ч холгүй 200 метрт байрлаж байгаа нь баг тамирчдад тун тохиромжтой юм.

Одоогоор Монголын байт харваа, хөнгөн атлетикийн баг тамирчид Их Британид хөл тавиад байгаа билээ. Манай багийнхан “Олимпийн тосгон”-д Уэльсийн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ийн домогт хөлбөмбөгч, Их Британийн шигшээ багийн ахлагчаар томилогдоод буй Райан Гиггзтэй таарч зургаа татуулжээ.
Олимпийн наадам эхлэхээс 11 хоногийн өмнөөс буюу өчигдрөөс “Олимпийн тосгон”-д орон орны баг тамирчид ирж эхэлж, тосгон хөл хөдөлгөөнд орж эхэлжээ. Зарим улсын баг “Олимпийн тосгон”-д төрийн далбаагаа мандуулах ёслолын ажиллагаагаа ч хийсэн байна.
Улаанбаатар-Лондон хотын хоорондох цагийн зөрүү 7 цаг юм байна. Одоогоор Лондон хотноо өдөртөө 18-20, шөнөдөө 12-14 хэмийн дулаантай, түр зуурын бороотой байгаа юм. Ер нь Лондон хотод жилийн аль ч улиралд хур тунадас ордог, байнгын чийглэг уур амьсгалтай тул борооны шүхрийг биедээ байнга авч явах шаардлагатай хэмээн ярьдаг билээ.

Монголын багийн туслахаар зургаан хүн томилогдон ажиллаж эхэлсний гурав нь нас тогтсон англи эрс юм. Хоёр нь Монгол хүмүүс бөгөөд “Цахим өртөө” сүлжээг үүсгэн байгуулагч, Лондон хотноо арав гаруй жил амьдарсан Дашзэгвийн Цэрэнбат, мөн Лондонгийн суугуул Зинээмэдэрийн Отгонбаяр нар. Канадаас ирж Монголын багт тусалж байгаа герман эр Жулиан Диеркес 2010 оны Ванкуверийн олимпод мөн Монголын багийн туслахаар ажилласан туршлагатай нэгэн.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ