
Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургууль, Солонгос улсын Тэжон хотын Олон улсын соёлын төвөөс хамтран Монголын залуу уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Grand art-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийсэн юм.Энэхүү уралдааныг Солонгос улсын “Жүндуилбу” сонин, Тэжон хотын “TJB” телевиз дөрөв дэх жилдээ зохион байгуулсан билээ. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой зохион байгуулагддаг юм. Энэ жилийн үзэсгэлэнд Солонгос улс болон Монгол улсын ахмад зураачид оролцож залуу уран бүтээлчдэдээ туршлагаасаа солилцож цаашид хэрхэн ажиллах талын зөвлөгөөг өгч байлаа.Үзэсгэлэнд 18-37 насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, холимог техник гэсэн таван төрлөөр оролцлоо. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр шилдэг бүтээлүүдийн эздийг тодруулсан юм.
Үүнд: Дэд шагналд уран баримлын төрөлд М.Саранбат “Уянга”, зураасан зураг Б.Ариунгоо “Бодлын хэмнэл”, монгол зураг Р.Чинзориг “Сэрэлт” , холимог техникийн төрөлд Б.Дөлгөөн “Инээмтгий хүн” бүтээлүүдээр мөн тусгай байрт Т.Мөнхбаяр “Сальвадор Дали” Ө.ОюуСувд “Өнгө өнгийн нар”, Э.Атаржаргал “Хөрөг 5”,Э.Мөнх-Оргил “Зүүдэндээ би”,Э.Түвшинтөр “Шаргал цаг” бүтээлээрээ шагнагдлаа. Үзэсгэлэнгийн хамгийн торгон мөчид Гран При-гийн эзнээр О.Нямдаваа “Эрх чөлөө” бүтээл шалгарлаа.
Э.Сувд









Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ