Мөрийтэй тоглоом хөлбөмбөгтэй ханьссан түүх
Архи, хүүхэн, мөрийтэй тоглоом амьдралын дайсан гэж ярих нь бий. Мэдээж, хүүхэн гэдэг нь цаг зуурын, мөнгөний төлөө бүсгүйчүүдийг хэлж буй хэрэг. Архи, хүүхэн хоёрын тухай мэдээлэл хэвлэлээр хангалттай цацагддаг бол гуравдагч этгээд болох мөрийтэй тоглоом тун нууцлагдмал хэвээрээ үлддэг. Тиймдээ ч илүү хор хөнөөл тарьдаг юм. Мэргэжлийн хөлбөмбөг дэх зарим баримтаас өгүүлье.
Засарсан Этерингтон Их зан гаргах, эргэн тойрноо үл ойшоохыг оддын өвчин ихэвчлэн ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ оддын өвчин гэдэг нь архи, хүүхэн, мөрийтэй тоглоомд их мөнгө харамгүй зарж, донтож эхлэхийг нэрлэдэг гэвэл оновчтой.
Мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлэгчдийн түүх нэгэн янзаар эхэлдэг. Авьяаслаг залуу хөлбөмбөгч багагүй мөнгө халаасалчихаад түүнийгээ яаж үрэхээ шийдэж ядна. Ийш тийш явж тэмцээнд оролцохдоо зочид буудлаар хоноглож, гэр бүлээсээ хол ганцаараа уйдах цаг их гарч эхэлнэ. Ингээд нэгэн өдөр буусан зочид буудлынх нь чанх хажууд байрлах мөрийтэй тоглоомын газар орж, зугаагаа гаргахаар шийднэ. Анх багаар мөрий тавина, харин дараа нь амьдралаа мөрийний ширээн дээр тавихад хүрдэг. Ийм явдал Английн “Сток Сити” багт зүтгэж буй Мэттью Этерингтонтой тохиолдсон юм. “Питерборо” багийн жаахан хүүг “Тоттенхэм” эхлээд сонирхож, их ирээдүй хүлээж байна гэж дүгнэжээ. Мэдээж, 18-тай хүүд үрж барамгүй мэт мөнгө амлаж, “Тоттенхем”-ийн тоглогч болов. Этерингтон оддын өвчний эхний шинж тэмдгийн дагуу эхлээд бага хэмжээний мөрий тавьжээ. Энэ талаараа Этерингтон “Хэрвээ чи тоглогч (мөрий тавьж, хөзрөөр наадагчдыг ч бас ингэж нэрлэдэг) бол бусдаас тэс өөр ертөнцөд орчихдог. Юу ч сонсохгүй, юуг ч ойр хүлээж авахгүй, зөвхөн маргааш мөрийгөө хэрхэн тавьж, яаж тоглохоо л тооцно” гэж тэр ярьжээ.
Тоглоомд хэт донтсон Мэттью аажимдаа өрөнд баригдаж, эхнэрээсээ ч салж, хөлбөмбөгийн талбайд ч ур чадвараа бүрэн харуулж чадахаа болив. Тэр “Тоттенхэм”-ээс “Вест Хэм”-д ирсэнийхээ дараа нэг хэсэг сайн тоглосон ч эргээд мөрийтэй тоглоомдоо донтож эхэлжээ. Дүнд нь үндсэн багт ч багтахаа больж, өвөл нь “Сток” руу явахад хүрсэн байна. Гэлээ ч Этерингтон уруудаж буй амьдрал, муудсаар буй хөлбөмбөгчний авьяас бэлгээ булшлахыг хүссэнгүй. Замын дундаас ухаан орж, мөрийтэй тоглоомд цэг тавихаар энэ намар шийдсэн.
Ингээд эцэг эх, найз бүсгүйдээ өөрийнхөө тухай бүх үнэнийг хэлээд Sporting Chance-ийг зүглэжээ. Sporting Chance гэдэг нь “Арсенал”-ын домогт хамгаалагч Тони Адамсын байгуулсан хорт зуршлаас ангижруулах газар юм. Энд элдэв донг эмчилдэг.
Хэдийгээр Этерингтон өртэй хэвээрээ ч удалгүй бүх өрөө дарна гэдэгтэй итгэлтэй яваа гэнэ. Мөн мөдхөн Английн шигшээ багаас урилга ч ирж магад гэж найдаж буйгаа ярьсан байна. Их хэмжээгээр мөрий тавьж алдагсдын тоонд Уэйн Руни, Дитмар Хаманн, Эйдур Гудйонссен, Рой Кэрролл нарын нэр дурьдагдаж байсан удаатай.
Өрөө дарахын тулд багийнхнаа шар хуудас авахуулжээ Зарим хөлбөмбөгчид мөрийнд мөнгөө алдах биш харин мөрийнөөс мөнгө олох аргаа адтай олдог. 2008 оны тавдугаар сард Английн доод лигийн нэгэн тоглогч мөрий тавьж алдсан өрөө дарах нэгэн гарц олжээ. Энэ нь өөрөө талбайгаас хөөгдөж, багийнхаа гурван нөхрийг шар хуудас авахуулах явдал байж. Ингээд гурван найзыгаа ятгасаар байгаад шар хуудас авахуулж, харин өөрөө хөөгдөхөөр зүйл хийсэн байна. Гэвч шар хуудас авсан гурвын нэг нь буруу алхам хийсэндээ харамсаж, энэ нүглээ хэн нэгэнд наминчилсан нь хэвлэлийн чихэнд хүрч томоохон дуулианд хүргэсэн юм.
Тохиролцсон тоглолт 1915 оны дөрөвдүгээр сарын 2-нд “Манчестер Юнайтед”-“Ливерпуль” багууд тааран, 2:0-ээр “Улаан чөтгөрүүд” хожсон байна. Хэрвээ энэ хоёр багийн долоон тоглогч яг 2:0-ээр Манчестерийн баг хожно гэж мөрий тавиагүй бол бүх зүйл их үнэмшилтэй болж өнгөрчээ. Гэвч долоон тоглогч энэ тоонд мөрий тавьсан нь илэрч, ихээхэн шуугиан дэгдсэн юм. Тоглогчдын талбайд гарах эрхийг хассанаар үйл явдал өндөрлөсөн.
Энэ явдлаас хойш хагас зууны дараа Англид мөрийтэй холбоотой дараагийн том дуулиан дэгдлээ. Жимми Гоулд хэмээх тоглогч хуучин багийнхнаа бууж өгөхийг ятгаад, багаа хожигдоно гэж мөрий тавихыг хүссэн байна. Гэвч хэвлэлийнхэн үүнийг илрүүлж, “Шеффилд Уэнсдэй”, “Мансфилд Таун”-ы найман залуу насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан гашуун түүх бий. Ийм хатуу шийтгэл амссан тоглогчдын дотор Английн шигшээгийн Тони Кей багтсан нь харамсалтай. Тэр ийм асуудалд орооцолдоогүй байсан бол 1966 оны дэлхийн аварга болох байлаа.
Мөрийнийхөө төлөө хурдалсан нь Гэхдээ мөрий бүхэн хар мөр үлдээдэг гэж хэлж болохгүй. 1995 оны дөрөвдүгээр сард “Саутхемтон”-ын Мэтт Ле Тиссье мөрийгөөр мөнгө олохыг хичээжээ. Тэр нэгэн танилаараа дамжуулан ийм мөрий тавиулсан байна. “Тоглолт эхлээд 75 секундын дотор бөмбөг хажуугийн шугамаар гарна” гэж. “Саутхемптон” тэгэхэд “Уимблдон”-той таарсан гэнэ. Энэ тухайгаа Ле Тиссье “Тоглолтын хувь заяанд нөлөөлөхүйц зүйлээр би мөрий тавихгүй. Харин хажуугаар бөмбөг гаргахад багт маань хортой зүйл үгүй гэж би үзсэн юм” гэж хожим ярьжээ. Түүний төлөвлөснөөр багийнх нь анд талбайн төвөөс бөмбөгийн тоглолтод оруулмагцаа өөрт нь дамжуулж, харин Ле Тиссье хурдхан хажуугийн шугамыг давтал өшиглөх байж. Тоглолт ч эхэлж, бөмбөг гаргасан багийнх нь анд ярьсны дагуу түүн рүү ч дамжуулав. Гэтэл Ле Тиссье олон мянган үзэгч, камерыг хараад ямар ч шалтгаангүйгээр бөмбөгийг хажуу руу өшиглөхөөс санаа зовжээ. Ингээд жигүүр рүүгээ дамжуулалт өгч буй байдлаар хажуу тийш өшиглөөд гаргах гэтэл гай таарч, багийнхаа тоглогчийн хөлд оновчтой дамжуулчихаж. Дамжуулалт авсан багийнх нь анд түүний мөрийний тухай мэдэхгүй тул бөмбөгийг хөөгөөд гүйчихэж. “Би урьд нь хэзээ ч бөмбөгийн араас тийм хурдтай гүйж байгаагүй. Тэр хараал идсэн бөмбөгийг хурдхан авч, хараал идсэн талбайн шугамыг давуулж өшиглөхийн тулд амьдралдаа хурдалж үзээгүйгээрээ гүйсэн” гэж хожим тэр инээмсэглэн ярьсан юм. Багийнхаа андыг арай гэж гүйцэн очоод, бөмбөгийг хажуугийн шугамаар гаргахад 70 дахь секунд явж байж. Ингэж Ле Тиссье амархан мөнгө олох арга бодож олсон ч мөрийгөө алдах тун шахсан түүхтэй. “Бөмбөг яг 70 дахь секундэд талбайгаас гарсан. Хажуугаар гарлаа гээд аль ч багт ашигтай юмуу хохиролтой зүйл байгаагүй. Гэхдээ л би үүнээс хойш иймэрхүү мөрий тавихгүй гэж шийдсэн” гэж Ле Тиссье дурссан байна. Үүнээс сургамж авахад, магадгүй бидний үзэж буй зарим тоглолтод хэн нэгэн хөлбөмбөгч алдахааргүй газар алдаад байвал мөрий тавьсан ч байж болох юм шүү.
Премьер лигийн энгэрт гялалзаж буй мөрийтэй тоглоом Английн Премьер лигийн олон баг мөрийтэй тоглоомын газартай хамтран ажилладаг. Энэ нь мөрийтэй тоглоомын газрууд багуудын өмсгөл дээр нэрээ сийлүүлж, рекламддагийг хэлж байгаа юм. Тухайлбал, “Болтон”, “Уиган”-ын энгэр дээр “188BET” хэмээх мөрийтэй тоглоомын газрын нэр бий. Тэд мөн “Челси”, “Ливерпуль”, “Астон Вилла” зэрэг багийн албан ёсны ивээн тэтгэгч гэсэн гуншинтай.
Лигийн шинэ цэрэг “Вулверхэмптон” 2009 оны зун мөрийтэй тоглоомын газар “Sportingbet”-тэй гэрээ байгуулж, одоо ч энгэртээ тэднийг сурталчилсаар байна. “Халл Сити” “The Tote”-гоор, “Вест Хэм” SBOBET-ээр, “Сандерленд” “Boylesports”-ээр ивээн тэтгүүлдэг.
“Блэкберн” 2006-2008 онд мөн мөрийний газар болох “Вет24”-өөр гоёж байлаа. Харин одоо будаг үйлдвэрлэгч Crown Paints-тэй гэрээ байгуулжээ. “Сток Сити”-гийн эзэн нь “Bet365” хэмээх мөрийтэй тоглоомын газрын эзнийг албыг давхар хашдаг. Тиймээс донгоосоо салж ядаж буй Этерингтоны хувьд бүх зүйл сайн сайхнаар дуусахгүй ч байж болох юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ