Дайны нөхцөлд дасгал сургуулилтаа хийсэн Сомалийн тамирчид

img

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадамд оролцоно гэдэг тамирчдын хувьд маш том нэр хүнд, амьдралын гайхалтай дурсамжийн нэг билээ. Харин орон орны тамирчидын дасгал сургуулилт, бэлтгэлээ базаах арга барил, орчин нөхцөл өөр өөр байдаг. Гэхдээ үймээн самуун ид болж буй гудамжинд бэлтгэлээ хийн гүйж явсан тамирчид хэд бол? Ховор байх. Тэгвэл Сомалийн тамирчид хорин жил үргэлжилсэн иргэний дайны үед өсч торнисон ч үймээний үеэр сэтгэл дэх цогоороо өөрийгөө гэрэлтүүлэн бэлтгэлээ базааж байжээ. Тэнэсэн сум, зэвсэгт дээрэмчид, амиа золиослогчтой хэдийд ч таарч мэдэх боловч Замзам Али Фарра, Мохамед Хассан Мохамед нар 2012 оны Лондонгийн олимпд оролцох явдал нь аз сорих үнэ цэнэтэй гэж үзэж байна. Замзам Али Фарра эмэгтэйчүүдийн 1500 м болон 800 м-ийн гүйлтийн төрөлд, Мохамед Хассан Мохамед эрэгтэйчүүдийн 5 мянган м, 1500 м-д оролцох гэж байна. “Хэрвээ та биеийн тамирын стадионгүй оронд амьдарч байвал танд байлдаан тулааны  хамгийн ширүүн үед хотын төвийн гудамжнаас өөр гүйж бэлтгэлээ хийх газар олдохгүй. Заримдаа цэргүүд биднийг амиа золигч нар эсвэл цэргүүд гэж андууран биднийг зогсохгүй бол буудна гэж ч хэлдэг байсан. Эсвэл зарим тохиолдолд биднийг удаан хугацаанд саатуулж шалгадаг байлаа. Энэ нь бидний бэлтгэл сургуулилтанд үнэхээр их нөлөөлдөг” хэмээн Замзам хэлжээ. Энэ бүгд хангалтгүй мэт жилийн эхээр нэгэн амиа золиослогч Сомалийн олимпийн хорооны ерөнхийлөгчийг өөртэйгөө хамт дэлбэлснээр Сомали улс олимпд орох боломжоо алдах дөхсөн билээ. Халдлага Сомалийн тамирчдын амжилтаас ихээхэн чангаасан ч Замзам, Мохамед хоёрыг зогсоосонгүй. Гэхдээ сүүлийн долоо хоногуудад Сомалийн Засгийн газрын цэргүүд Африкийн холбооны хүчнийхэнтэй хүч хавсарч Аль Каидатай холбоотон Аль Шабаб бүлэглэлийг хөөн гаргаж чадсанаар тамирчид тайвнаар бэлтгэлээ базаах боломж гарчээ. “Бид ингэж шаргуу бэлдсэн учир ямар нэг шагнал авахыг үнэхээр их хүсч байна. Бид энэ нурсан стадионд ирэхдээ нэг өдөр бид олимпд оролцоно гэсэн мөрөөдөл тээдэг байсан. Ингээд эцэст нь бидний хүсч байсан зүйл биеллээ” хэмээн Мохамед баяртайгаар хэлж байв. Тамирчид маань хоёулаа 21-жил үргэлжилсэн иргэний дайнд гэр бүлийн гишүүдээ алдаж байжээ. 1991 оноос хойш Засгийн газар нь бүрэн ажлаагүй гэхэд ийм гайхалтай хүмүүс өсөн торнисон нь сайхан хэрэг юм.           Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ