
Армийн командлагч Ри Ёон Хог албан тушаалаас нь огцруулсан мэдэгдлийн дараа залуу удирдагч Ким Жон Ун цэргийн дээд цол болох маршал болсон явдал нь олон улсын ажиглагчдын эргэлзээг арилгах шиг боллоо. Ким энэхүү дээд цолтой болсон нь эцгийнхээ адил цэргийн дэглэмтэй Умард Солонгосыг удирдахыг хэлж байгаа хэрэг юм.
Маршал цол олгох шийдвэрийг Төв хороо болон Хөдөлмөрийн намын Цэргийн төв комисс хамтран гаргажээ.
Гэхдээ цэргийн дэглэмээс гадна бусад асуудлууд урдын хэвээр байх эсэх нь маргаантай байна. Учир нь тэрээр одоо 30 нас дөнгөж дөхөж яваа гэж таамаглагддаг, Швейцарь улсад суралцаж интернетийн эрин үед өсч бойжсон залуу хүн учир түүний арга барил эцгийнхээсээ арай өөр байх болов уу гэсэн таамаглал байгаа юм. Юутай ч эхнэр нь байж болзошгүй нууцлаг эмэгтэй олны нүдэнд гарч ирсэн, цэргийн албан тушаалтнуудын байр суурь сэлгээний талаар олон улсад зарлаж байгаа зэрэг нь анхаарал татаж, эргэлзээ төрүүлсэн олон асуулт урган гарч байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ