
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комисс өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажлын явц, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид шийдвэрлэх ажлуудын талаар ярилцжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий инженерийн өгсөн мэдээллээр нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах, их болон урсгал засварын ажлын явц 56 хувьтай, алслагдсан дүүргүүдийнх 60 орчим хувьтай байгаа аж.
Энэ оны зуны засварын хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх магистраль шугамуудын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40-80 хувьтай, төв шугамын засварын ажил 60 хувьтай байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй Дэнжийн 1000, Дотоод хэргийн их сургууль, УС-15 орчмын халаалтын зуухнуудыг бүрэн зогсоож төвлөрсөн дулаанд холбох ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэнэ. Орон сууцны хороолол доторх шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хийхээр төлөвлөжээ.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын ус дулаан хангамжийг сайжруулах хоёр дахь шатны төслөөр ОСНААК-уудын харъяа ус дулаан дамжуулах 42 төвийн халаалт, хэрэгцээний халуун усны цогц төхөөрөмжүүдийг шинэчлэхээс 12 төвд суурилуулж дуусчээ. 37 орон сууцны дотор системийг шинэчлэхээс 12 байрны системийг шинэчилсэн бөгөөд нийтдээ төвлөрсөн дулаан хангамжийн системд хийгдэж байгаа өвөлжилтийн бэлтгэл хангах засвар шинэчлэлтийн ажлын явц 61 хувьтай байна.
Цахилгаан хангамжийн хувьд нийслэлийн хэмжээнд аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил дууссан бөгөөд урсгал засварын ажил 60 хувьтай, их засвар шинэчлэлтийн 47 ажлын явц 35 хувьтай байна. Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмж, барилга байгууламжид хийх засвар үйлчилгээний ажлын явц 70 хувьтай, бохир усны шугамын угаалгын ажил 90 хувьтай \байна.
Зуны засварын хугацаа талдаа орчихсон байгаа энэ үед улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон тухайн байгууллагуудын хөрөнгөөр хийгдэх ажил нь дөнгөж эхэлж байгаа болон эхлээгүй байгаа ажлуудыг яаравчилж, онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий менежер үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ