Сири дэх хурцадмал байдал

img

Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг зэвсэгт босогчдын арга хэмжээ хурцдаж байна. Саяхан томоохон албан тушаалын гурван хүн амиа золиослогчийн бөмбөгдөлтөнд өртөж нас барсан бөгөөд үүнийг босогч бүлэглэл үйлдсэн гэж үзэж байгаа билээ. Тэгвэл одоо тэдгээр босогчид Сирийн Турк, Ирактай хиллэдэг хилийн зурвасуудыг эзлээд байна. Иракын албаны мэдэгдсэнээр Сирийн зүүн хязгаарын бүх хилийн гарцууд эзлэгдсэн аж. Ерөнхийлөгчийн хүргэн ах, Батлан хамгаалахын сайд болон Хямралын үеийн багийн дарга нар Дамаск хотноо болсон Аюулгүйн Зөвлөлийн хурлын үеэр халдлагад өртсөн бөгөөд магадгүй Сирийн Засгийн газар бүх хүчээ нийслэлийг чөлөөлөхөд төвлөрүүлэн тавьсныг тооцоолж ийнхүү хилийн зурвасуудыг эзэлж чадсан хэмээн хөрш Ливанд суугаа BBC-гийн сурвалжлагч хэллээ. Аюулгүй байдлын албаны гурван дарга нарын үхэл, хотыг босогчдоос чөлөөлөхийн тулд Засгийн газар цэрэг татлага хийхэд хүргэсэн юм. Учир нь Дамаск хотын ойролцоох Замалкад болсон дэлбэрэлтийн үеэр үй олон хүмүүс шархадсан байна. Сирийн хүний эрхийн төв пүрэв гаригт орон даяар золгүйгээр амиа алдагсдын тоо 250-д хүрснийг мэдээлжээ. Сирийн дотоодод байдал иймэрхүү байгаа бол олон улсад ч мөн адилхан ширүүхэн өрнөж байна. Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Абдулбасет Сиеда Италийн Гадаад хэргийн сайд Жулио Терцитэй Ромд уулзсан уулзалтынхаа дараа  мэдэгдэл хийжээ. Тэрээр НҮБ-ийн удирдлага хоцрогдсон, дэлхийн хоёрдугаар дайны үед л таарсан хэмээгээд мөн Орос улс Сирийн засаглал буюу Башар Ассадын засаглалыг зэвсэгээр хангаж, Аюулгүйн зөвлөлөөр дамжуулан улс төрийн хамгаалалт хийж байна хэмээн буруушаажээ. “Байдал энэ хэвээр яваад байж болохгүй. НҮБ-ийн удирдлагын арга барил хоцрогдож, бидний өнөө үеийн хэрэгцээг тусгаж чадахгүй байна. Хууль бус засаглал ард олныг ийм байдлаар хядахыг зөвшөөрч болохгүй шүү дээ” хэмээн Сиеда ярьсан юм. Энэ уулзалтаас хэдэн цагийн дараа Сирийн мөргөлдөөнийг зогсоохоор Ассадын засаглалд дарамт үзүүлэх НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн арга хэмжээг Хятад, Орос улсууд эсэргүүцсээр байлаа. Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхтэй гишүүн орон болох ОХУ нь Сирийн удаан хугацааны холбоотон бөгөөд Сирийн засаглалыг тууштай хамгаалсаар байгаа юм. Ц.Мишээл        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2012-07-20