Чуулганыг гацаасанд МАН буруугүй гэв
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар өнөөдөр УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан боловч МАН-ын бүлэг хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэнээр чуулган завсарлав. Учир нь УИХ-ын даргыг сонгох асуудлаар МАН-ын бүлэгтэй зөвшөлцөөгүй гэсэн шалтгааныг тус намын зүгээс өгсөн юм. Хуралдаан үргэлжлэх боломжгүй гацаанд орсонд хоёр намын төлөөлөл дараахи тайлбарыг өгч байна.
УИХ-ын С.Баярцогт /АН/
УИХ-ын хуулийн 9.1, 9.2 дугаар заалт нь Үндсэн хуулийн 33.2 заалтаас урган гарсан заалт. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээр олонх бүрдээгүй бол хамгийн олон суудал авсан нам нь бусад намуудын санал болгож буй олонх бүрдүүлэхийг зохицуулах заалт. Үндсэн хуулийн 33.2 дахь хэсэгт зааснаар бол Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхдээ өөрийнхөө талд олонхоо бүрдүүлэх зохицуулалттай. Яг энэ зохицуулалтаар нэр дэвшүүлэх асуудлыг шийдсэн. УИХ-ын 9.1 дахь заалт нь хэрэв сонгуулийн дүнгээр олонх бүрдээгүй бол бусад намуудтай хэлэлцээ хийж олонхоо бүрдүүлж нэр дэвшүүлнэ гэж тусгасан. Гэтэл МАН-ын зүгээс бүх намтай зөвшилц гэсэн утгаар ойлгож байна.
Тийм зүйл байхгүй. Аливаа парламентын сонгуулийн үр дүнгээр тодорхой олонх бүрдэх ёстой. Цөөнхтэй байх ёстой. Хэрэв сонгуулийн дүнгээр олонх бүрдэхгүй бол сонгуулийн дараахь эвсэл гэж бий. Энэ утгаараа АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтарч олонхыг бүрдүүлээд байна. Тийм учраас УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг сонгох, УИХ-ыг бүтэц бүрэлдэхүүн, Засгийн газрыг бүрдүүлэх талд ямар ч асуудал байхгүй. МАН-ын зүгээс улс төрийн соёлгүй байна.
Хоёрдугаарт, хуулийн талаар мэдлэг сул байна. Ийм байдлаар асуудлаа ярьж тайлбарлах юм бол МАН дөрвөн жилийн турш УИХ-ын дэд даргаа сонгож чадахгүйд хүрнэ. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын даргыг сонгох хүртэл парламентын гишүүдээс хамгийн ахмад нь хуралдааныг даргална гэсэн заалт бий. Тиймээс хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл хурлыг даргалах бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Н.Энхболд / МАН/
Хуульд зааснаар аль нэг нам, эвсэл УИХ-д 39 суудал авч олонх болоогүй нөхцөлд УИХ-ын дарга сонгох асуудлыг парламентад суудалтай бүх нам, эвсэлтэй зөвшилцөх ёстой. Гэтэл УИХ-ын даргын асуудлыг МАН-ын бүлэгтэй зөвшилцөөгүй. Өчигдөр орой нэг бичиг ирсэн байсан. Бид өглөө жижүүрээс хүлээж авлаа. УИХ-ын даргыг сонгох асуудлаар МАН-тай зөвшилцөөгүй тул хууль зөрчигдөнө.
Бид зөвшилцсөний дараа энэ асуудлыг ярих ёстой. Тиймээс МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох боломжгүй.
Н.Түвшин Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

















СЭТГЭГДЭЛ БИЧИХ