
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд хөлбөмбөгийн гурван од арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт орооцолдож, дэлхий даяар шуугиан тарьж эхэллээ.
Английн Премьер лигийн “Ливерпуль”-“Манчестер Юнайтед” багийн тоглолтын үеэр уругвай залуу Луис Суарес өөрийг нь арьс өнгөөр гоочлон доромжилсон үгийг дор хаяж арван удаа хэлснийг Патрис Эвра тоглолтын дараа хэвлэлийнхэнд шууд зарласан юм. Гэвч Суарес “Би хэзээ ч, хэнийг ч арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхахгүй” хэмээн өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн. Харин Эвра Суаресийг буруутай гэдгийг нотлохын тулд Английн хөлбөмбөгийн холбооны ажилтнуудыг энэхүү хэрэг явдлыг цаашид нягталж үзэхийг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Суаресийг тиймэрхүү үг хэлээгүй гэдэгт “Ливерпуль”-ийн удирдлага итгэж буйгаа илэрхийлж, тоглогчоо дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүний хариуд “Манчестер Юнайтед” ч Эвраг дэмжиж, хэрэг явдлын эцсийг үзэх сонирхолтой байгаагаа мэдэгдээд байна.
Мөн Испанийн Ла лигийн сүүлийн тойрогт Сеск Фабрегас өрсөлдөгч “Севилья”-гийнхаа довтлогч Фредерик Канутег арьс өнгөөр гоочлон доромжилсон гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнд Фабрегас хариултаа өгчээ. “Надад хэн нэгнийг доромжлох, арьс өнгөөр ялгаварлах бодол үгүй. Энэ тал дээр миний бодол цэвэр шүү” гэж тэрээр мэдэгдсэн байна.
Өчигдөр шөнө Английн Премьер лигийн “Куинз Парк Рэйнжерс”-“Челси”-гийн тоглолтын үеэр Жон Терри Антон Фердинандыг үгээр “идэж” буй бичлэг олон цахим хуудсуудад тавигдсан нь мөн л арь өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт хамаарагдаж эхлэв. Гэлээ ч Терри “Үгүй ээ, миний үгийг гуйвуулсан байна. Антон бид хоёр эртний танилууд. Түүнийг арьс өнгөөр ялгаварлах тухай би бодож ч үзээгүй. Эдүгээ тийм юм байж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Ийнхүү нэгэн долоо хоногт арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байж болох гурван удаагийн тохиодол гарч, шуугиан тарив.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ