100 хүүхэд тутмын 65 нь стандарт хангаагүй сурч байгааг хэн хариуцах вэ

img

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий менежерийн 2011 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан төлөвлөгөөт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.Шалгалтаар Ерөнхий боловсролын математик, геометр, технологи, биеийн тамир, эрүүл мэндийн стандартын хэрэгжилтийг улсын хэмжээнд шалгасан байна. Шалгалтад аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 152 сургууль, 281 удирдах ажилтан, 1325 багш, 5, 8, 9 дүгээр ангийн 27.319 сурагч хамрагдсан бол ЕБС-ийн 9 дүгээр ангиас геометрийн хичээлээр, 5,9-р ангийн сурагчдаас эрүүл мэнд, биеийн тамирын хичээлээр, 8 дугаар ангийн сурагчдаас технологийн хичээлээр шалгалт авчээ. 21 аймаг, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС-ийн тавдугаар ангийн сурагчдаас авсан эрүүл мэндийн хичээлийн шалгалтад 4242 сурагч хамрагдаж 84,3 хувийн амжилт, 40.7 хувийн чанар, 66.1 хувийг гүйцэтгэлтэй шалгагдсан нь эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох, сурагчдад зөв дадал хэвшил, чадвар эзэмшүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан гэж үзэхээр байгаа аж. Үүнээс Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн сурагчид 96.5-98.4 хувийн амжилт, 48.5-65.9 хувийн чанартай шалгагджээ. 27 мянган хүүхдийн 48.2 хувь нь шалгалтаа F үнэлгээтэй өгчээ Математик /геометр/, эрүүл мэнд, технологи, биеийн тамирын хичээлийн төвшин тогтоох шалгалтад 27.319 сурагч хамрагдсанаас 13.164 сурагч буюу нийт сурагчдын 48.2 хувь нь F үнэлгээтэй шалгагдсан нь “Боловсролын тухай хууль” улсын хэмжээнд шаардлагын түвшинд хэрэгжээгүй байна гэж үзэхэд хүргэсэн байна. Гэвч геометрын шалгалтад нийт 6936 сурагч хамрагдсанаас 4495 нь хангалтгүй үнэлгээ авч 35.2 хувийн амжилт үзүүлсэн, 100 хүүхэд тутмын 65 нь стандарт хангаагүй, 10 хүүхэд тутмын 1 нь чанартай сурсан, түүнчлэн Говьсүмбэр, Баянхонгор, Увс, Сүхбаатар, Дорнод аймгийн сурагчид 0-16.2 хувийн амжилт, 0-2.9 хувийн чанартай шалгагдсан, технологийн шалгалтад 5406 сурагч хамрагдан 3821 нь хангалтгүй үнэлгээ авч 29.3 хувийн амжилт үзүүлж, 10 хүүхдийн 3 стандарт хангаж, 20 хүүхдийн 1 нь чанартай сурсан, эдгээрээс Дорнод, Архангай, Ховд, Хэнтий, Өмнөговь аймгийн сурагчид 1.2-10.7 хувийн амжилт, 0-0.2 хувийн чанартай шалгагджээ. Харин есдүгээр ангийн сурагчдаас авсан геометрийн шалгалтын гүйцэтгэлээс үзэхэд геометрийн хамгийн энгийн өнгөц мэдлэг эзэмшсэн, харин мэдлэгээ хэрэглэх, хийсвэрлэх, загварчлах чадвар харьцангуй сул байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын дунд сургуулийн технологийн хичээлийн агуулгын стандартыг бүх сурагч 60-аас 100 хувьтай эзэмшсэнээр сурагчдыг үнэлэн боловсролын баримт бичигт олгож байгаа ч /суурь болон дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхэд энэ хичээлээр “F” үнэлгээ тавьж төгсгөсөн практик байдаггүй/ бодит байдал дээр технологийн хичээлийн стандартын агуулгын хэрэгжилт 29,3 хувьтай шалгагдаж байгаа нь нийт сурагчдын 70,7 хувийг сургууль бодитой биш дүгнэж байна гэж үзэх үндэслэл болжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудаас технологийн кабинетгүй 23, технологийн хичээл ордоггүй 10, технологийн хичээлийн кабинетийн хүчин чадал хэтэрсэн 15, кабинет эрүүл ахуйн шаардлага хангаагүй 7, дулаан стандартын шаардлага хангаагүй 3, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжгүй 13, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хэт хуучирсан 12, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 5 кабинет байгаа, энэ хичээлийг заадаг мэргэжлийн бус 12, багшлах эрхгүй 15, мэргэжлийн шалгалтад тэнцээгүй 43 багш ажиллаж байна. Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС-иас биеийн тамирын заалгүй 21, биеийн тамирын хичээл ордоггүй 6, 1-11-р ангиуд сургалтын батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлдэггүй, ахлах, дунд бага ангиуд хамт хичээллүүлдэг 7, биеийн тамирын заалны хүчин чадал хэтэрсэн 14, биеийн тамирын гадаа талбайгүй 23, биеийн тамирын гадаад талбай сургалтын шаардлага хангаагүй 15, гадаад талбай хамгаалалтгүй 13, биеийн тамирын заал эрүүл ахуйн шаардлага хангаагүй 11, заалны гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангаагүй 4, заалны дулаан нь стандартын шаардлага хангаагүй 1, хэрэглэл материал хэт хуучирсан 14, байгаа бол энэхүү хичээлийг мэргэжлийн бус 3, багшлах эрхгүй 7, мэргэжлийн шалгалтад тэнцээгүй 29 багш зааж байна. Түүнчлэн сурагчдын бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авч хэвшээгүй, судалгаа тооцоогүй, бие бялдрын хувьд сул дорой, эрүүл мэндийн магадлагаатай суралцагсдад тусгай хөтөлбөрөөр хичээл заадаггүй, хөтөлбөр төлөвлөгөөгүй, нийт сургуулиудын 80 хувьд нь чийрэгжүүлэлтийн зориулалт бүхий анги танхим байдаггүй байна. Улсын хэмжээнд зохион байгуулсан биеийн тамир, технологи болон геометрийн хичээл заадаг багш нарын судалгаагаар сүүлийн 1-2 жилд мэргэжил дээшлүүлсэн багш 27,7 хувийг, 3-4 жилд мэргэжлээ дээшлүүлсэн багш 13,2 хувийг 5 жилд мэргэжлээ дээшлүүлсэн багш 10,8 эзэлж байгаагаас үзэхэд сүүлийн 5 жилд 48.3 хувь нь ямар нэгэн хэлбэрээр мэргэжлээ дээшлүүлээгүй байна. Энэ нь сургуулийн төсөвт багш нарын мэргэжил дээшлүүлэх зардлыг төсөвлөдөггүй, БСШУ-ны сайдын тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны нарын мэргэжил дээшлүүлэх журмын” 4.1.3 дахь хэсэгт заасан “ бие даах сургалтын зардлыг тухайн жилийн улсын төсвөөс сургууль, цэцэрлэгт хуваарилах” заалт хэрэгжихгүй байгааг харуулжээ. Одоо бэлтгэгдээд байгаа ЕБС-ийн багшийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, багш бэлтгэдэг сургуулиудын сургалтын үйл ажиллагаа болон элсэгчдийн ерөнхий боловсролын төвшин доогуур байгаа нь суралцагчдын сурлагын амжилтад сөргөөр нөлөөлж байгаа үндсэн хүчин зүйл болж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа 8853 багшаас мэргэжлийн чиглэлээр нь шалгалт авахад 46.5 хувийн амжилттай, 21.9 хувийн чанартай шалгагдсан, 2010 онд багш бэлтгэх сургуулиудын 1-р курст элссэн 5601 оюутны 3765 буюу 67.2 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтад 500–аас доош оноотой элссэн, “Бага, дунд боловсролын багш бэлтгэх, давтан бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх ажлын хүрээнд багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудаас авсан мэргэжлийн шалгалтад 541оюутан хамрагдсанаас A-3, B-2, C-16, D-70, F-450 дүнтэй, 16.8 хувийн амжилттай, 0.9 хувийн чанарын үзүүлэлттэй шалгагдсан байна. 2011 онд зохион байгуулсан ЕБС-ийн технологи, биеийн тамирын багшийн мэргэжлийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтаар нийт багш нарын 55 хувь нь хангалтгүй үнэлгээ авсан нь бас нэг нотолгоо болж байна. Төрийн өмчийн сургуулиудад биеийн тамирын хичээлийг явуулах сургалтын орчин бүрдээгүй, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, тухайлбал шалгалтад хамрагдсан сургуулиудын 111 хүүхэд тутамд 1 сагсан бөмбөг, 253 хүүхэд тутамд 1 гар бөмбөг, 651 хүүхэд тутамд 1 хөл бөмбөг, 1172 хүүхэд тутамд 1 зээрэнцэг, 3517 хүүхэд тутамд 1 цана, 1465 хүүхэд тутамд 1 модон морь ногдож байгаа бол, зураг төсөл технологийн хичээлийн хувьд 320 хүүхэд тутамд мужааны 1 ажлын байр, 569 хүүхэд тутамд дарханы 1 ажлын байр, 130 хүүхэд тутамд оёдлын 1 машин, 640 хүүхэд тутамд 1 индүү, 1218 хүүхэд тутамд 1 цахилгаан гар багаж, 1098 хүүхэд тутамд өрмийн болон харуулын машин, 452 хүүхэд тутамд төмрийн 1 хөрөө ногдож дунджаар 3 багш дундаа нэг шүгэл, секундомертэй байдаг аж. ЕБС-ийн 5-р ангийн сурагчдаас авсан эрүүл мэндийн шалгалтын дүн харьцангуй дээгүүр үнэлгээ үзүүлж байхад, нэг ижил орчин нөхцөлд сурч байгаа 9-р ангийн сурагчдаас авсан эрүүл мэндийн шалгалтад 4220 сурагч хамрагдсанаас 2009 сурагч хангалтгүй үнэлгээ авч, 52.4 хувийн амжилт, 9.2 хувийн чанартай шалгагдсан нь нэг талаас сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахдаа агуулгын багтаамжийг дутуу тооцсон, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис түүний хор хөнөөл, бэлгийн амьдрал, гэр бүл төлөвлөлтийн арга зэрэг шинжлэх ухааны үндэстэй өргөн хүрээтэй олон асуудлыг тусгасан харьцангуй академик шинжтэй агуулга орсон, нөгөөтэйгүүр энэ хичээлийг заах багшийн бэлтгэл хангалтгүй, тогтворгүй сум, сургуулийн эмч, биеийн тамирын болон биологийн багш хичээл зааж байгаатай холбоотой байсан ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ц. отгонбат:
өнөөгийн нийгэм сургалт, багш гэсэн хандлагад хэтэрхий туулширч байна. орчины стандарт тохижуулалтанд анхаармаар байна.
2014-03-01