
Шинэ УИХ-ын танхимд цөөнгүй нэр нэгтнүүд тохой нийлүүлэн суух болж байна. Далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ дээр “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нэмэгдэж, Төв аймгаас Су.Батболд сонгогдож, МАН-ын дарга Сү.Батболд намынхаа жагсаалтаар эрхэм гишүүний сэнтийд эргэн залрав. Бас Гарьдхүүгийн Баярсайханаас гадна 1996, 2004 оны сонгуулиар төр түшилцэж асан Цэвэлмаагийн Баярсайхан гурав дахиа сонгогдов. Экс спикер Д.Дэмбэрэлтэй зэрэгцээд МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ИЗНН-аас зуузай холбон орж ирлээ. Харин Миеэгомын Энхболд, Нямаагийн Энхболд, Зандаахүүгийн Энхболд гурав тулгын гурван чулуу лугаа салсангүй. Бас АН-ын генсек Дондогдоржийн Эрдэнэбатын амидааг Жаргалтулгын Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
Дашрамд дуулгахад эрхмүүдийн ихэнх нь 9911 дугаартай Моби барьдаг ажээ. Содон дугаартай нь 9571... дугаартай З.Баянсэлэнгэ, 9908-тай З.Энхболд, 9909-тэй А.Бакей, Г.Уянга, 9910-тай М.Батчимэг, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Д.Хаянхярваа, 9949-тэй Ж.Эрдэнэбат, 8811-тэй Л.Энх-Амгалан юм байна. Гэхдээ тэд ганцхан “гартай” байж харагдаач.
Эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл экс гишүүн Н.Ганбямбын №413 өрөөнд тухалсан бол Д.Оюунхорол №488, М.Батчимэг №407, З.Баянсэлэнгэ №421, Л.Эрдэнэчимэг №405 гээд ерөнхийдөө дөрөвдүгээр давхрын урд эгнээг эзэлжээ. Харин С.Одонтуяа №319, С.Оюун №306, Г.Уянга №325-т төвхнөсөн байна. Гэхдээ УИХ-ын байнгын хороодын дарга нар сонгогдохоор өрөө тасалгааны нүүдэл суудал үргэлжилнэ. Эрхэм хатагтай С.Одонтуяа “бээрэг болохоороо наран талын тасалгаа сонгосон” гэсэн нь яах аргагүй үдээс хойш өвлийн нарны туяа таатайяа ээх ордны баруун хойд жигүүрийн өрөө ажээ.
Д.Дүүриймаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ