
БНХАУ-аас импортлож байгаа ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны байцаагчид хяналт тавьж ажилладаг. Бүтээгдэхүүний дээжийг тус боомтын итгэмжлэгдсэн нэгдсэн лабораторид ургамал хорио цээр, хими, хор судлал болон нянгийн шинжилгээнд хамруулан сорилтын дүнгээр стандартын шаардлага хангаж байгаа нөхцөлд улсын хилээр нэвтрүүлдэг байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар жимсний улаан хачиг /Phanonychus ulmi koch/ дөрвөн удаагийн ургамал хорио цээрийн шинжилгээгээр 13 тонн алиманд илэрч хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож устгажээ. Жимсний улаан хачиг маш жижигхэн 0.25-0.3 мм урт, энгийн нүдээр харах бараг боломжгүй, аалзан хэлбэртэй байдаг. Маш хурдан үрждэг онцлогтой. Хачиг нь алимны мөчирөөс зүүгдэх ишний хонхор хэсэгт байрладаг тул алим худалдан авахдаа уг ишний хонхор хэсгийг сайн ажиглаж, харалсан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн, бохирдсон байвал болгоомжлох хэрэгтэй. Замын-Үүд боомтын лабораторийн шинжилгээгээр энэхүү хачиг импортын таван сортын алиманд илрээд байгаа талаар байцаагчид иргэдэд сэрэмжлүүлж байна.
Иймд чанарын баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчиж, гудамж талбайд ил зарагдаж байгаа жимснээс худалдан авахаас зайлсхийх нь таныг эрсдлээс хамгаална.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ