
Өнгөрөгч баасан гаригт АНУ-ын Колорадо муж дахь Денвер хотын “Century 16” кино театрт Бэтмен киноны сүүлийн анги нээлтээ хийж, шөнийн тусгай ээлжээр олон хүмүүс үзэхээр очсон байлаа.
Харин кино эхлээд хагас цаг өнгөрсний дараа буюу 00:30 цагт хар хувцас, сум нэвтэрдэггүй хантааз болон хорт хийн баг зүүсэн эр кино танхимд орж ирсэн байна.
Тэрээр биеэ буугаар өвч зэвсэглэсэн байсан ба гэрчүүд нэг сав газарт унаж, хий гарах чимээ сонсчээ.
Энэ нь нулимс асгаруулсан хий байсан аж. Ингээд тэр эр үзэгчдийн суудал руу зогсолтгүй буудсан байна.
Энэ аймшигт хэргээс болж 12 хүн нас барж, 58 хүн шархаджээ. Амиа алдагсдын хамгийн хөгшин нь 51, залуу нь 6 настай охин байжээ.

Аллага үйлдсэн этгээдийг кино театрын арын талбайд тавьсан машин руугаа явж байх замд нь цагдаа нар барьсан бөгөөд тэрээр эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Буун дуу гарсны дараахан кино театрын ажилтнууд цагдаа, түргэн тусламж дуудсан учир эхний цагдаа 00:40 цаг гэхэд ирж, алуурчныг баривчилсан юм.
Цагдаа нар түргэний машин ирэхийг хүлээлгүй шархдагсдыг өөрсдийн машинаараа эмнэлэг рүү яаралтай зөөж эхэлсэн байна.
Баривчлагдсаныхаа дараа алуурчин эр өөрийнх нь гэрт мөн тэсрэх бөмбөг байгааг хэлсэн юм.
Шөнийн 02:00 цаг гэхэд цагдаа нар алуурчны гэрт буй бөмбөгийг аюулгүй болгохоор ойр хавийн байруудыг нь битүүмжилж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Ингээд 09:00 цагт өдрийн гэрэлтэйд алуурчны байрыг шалгахад, тэнд нэвтэрсэн ямар ч хүн амиа алдахаар тохируулж асар их тэсрэх бодисууд тавьсан байжээ. Хэрвээ цагдаа нар ийн болгоомжтой ажиллаагүй бол хотод асар их хохирол учрах байсан юм.
Маш их зэвсэг, тэсрэх бөмбөг интернетээр бага багаар захиалан цуглуулж байснаас нь харахад тэрхүү этгээд энэ хэргийг олон сарын өмнөөс төлөвлөсөн нь илт аж.
Аллага үйлдсэн этгээдийг Жеймс Холмс гэдэг бөгөөд яагаад ийм хэрэг үйлдсэнийг нь асуухад тэрээр өөрийгөө Бэтмен киноны эсрэг талын баатар “Joker” гэснээс өөрийг хэлээгүй байна.
Тэрээр 24 настай, маш ухаалаг боловч зожиг нэгэн байжээ. Калифорнийн их сургуулийг неврологийн чиглэлээр нэр хүндтэйгээр төгсч, өнгөрсөн жил Колорадогийн их сургуулийн Анагаахын салбарт неврологийн чиглэлээр доктор (PhD) хамгаалахаар сурч эхэлсэн байсан ч сарын өмнө сургуулиа хаясан байна. Түүний хамгийн сүүлд судласан хичээл нь сэтгэцийн өвчин, эмгэг байсан аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Холмс төрөлхийн солио өвчтэй байсан бөгөөд, 15-25 насны хооронд яг л тэсрэх бөмбөг шиг хэзээ ч тэсэрч мэдэхээр байсан гэнэ.
Цагдаа нар түүнийг багаасаа Бэтмений кинонд донтсон байсан гэж үзэж байгаа ба уг кинонд Joker-ын дүрийг бүтээсэн Хит Лэжерийн тунг нь хэтрүүлэн нас барсантай адил мэдээ алдуулагч эм хэрэглэдэг байсан гэсэн баттай бус мэдээ байна.
Баасан гаригт болсон буудалцааны мэдээг сонссоны дараа эцэг эх нь хүү нь уг хэрэгтэй холбоотой гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн гэнэ. Маш хүмүүжилтэй, “сайн” хүү нь сүүлийн үед замаа алдах болсныг хөршүүд нь ч ажигласан байв.

Түүнийг одоогоор маш хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог цэргийн шоронд ганцаарчлан хорисон байгаа юм.
Хохирогчдын ар гэр, дотны хүмүүстэй уулзахаар Ерөнхийлөгч Барак Обама Колорадо мужид айлчлаад байна. Мөн Ерөнхийлөгч Обама тав хоног улс орон даяар гашуудлын өдөр болгон зарлажээ. Хохирогчдод хүндэтгэл үзүүлж ард иргэд хэрэг болсон кино театрын гадна цэцэг, лаа тавьж эмгэнэл илэрхийлсээр байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ