Болгарт автобус дэлбэлсэн этгээд Лондонгийн олимпийг зүглэсэн байж болзошгүй

img

Өнгөрөгч лхагва гаригт Болгарийн Бургас амралт руу явж байсан израйлийн жуулчдын автобусыг дэлбэлж, зургаан хүний аминд хүрсэн этгээд одоо Лондонгийн олимпийг чиглэн явж байж магадгүй гэнэ. Хэргийг үйлдэгч этгээд Девид Жефферсон нэрийн дор америк паспорттой явж байгаа гэсэн таамаг албаныханд байгаа юм. Энэхүү хэргийг Ираны террорист бүлгэм цөмийн зэвсгийн эрдэмтдийг нь хороосон хэргийн хариу болгож хийсэн хэмээн Израйль үзэж байгаа ба одоо дээрх этгээд Олимпод оролцох израйлийн баг тамирчдад хөнөөл үзүүлж магадгүй хэмээн сэрэмжилж байгаа юм. Иймээс аюулгүйн баг бүрэлдэхүүнээ тамирчдаа хамгаалуулах мөн тэр этгээдийг хайлгахаар илгээсэн байна. Израйлийн Засгийн газар 1972 оны Мюнхений олимпийн үеэр болсон 11 тамирчин, дасгалжуулагчийн хамтаар алагдсан аймшигт хэргийг дахин давтагдах вий хэмээн эмээж байна. Үүнээс үүдэн Лондонгийн цагдаа нар болон Олимпийн наадмын аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа MI5 олон улсын агентлаг түгшүүрээ өндөрсгөөд байгаа. Олимпийн хүрээлэн болон өөр 26 байгууламжийг нийт 17 мянган цэрэг, долоон мянган хувийн хамгаалагч нар хамгаалах аж. Мөн стадионы бүх гарцуудад үнэрч нохой, хамгаалалтын камернууд байрлуулсан, дээвэр дээр мэргэн буучид байрлана. Лондон хотын гудамжуудаар нэмэлт 12,500 цагдаа нар харуулд гарах бол, тусгай зочид болон үзэгчдэд зориулан хоргодох байр Олимпийн стадионд бэлдсэн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ