
1921 онд Барон Унгерн Нийслэл хүрээг гамингуудаас чөлөөлсний дараахан олон жилийн хур хогноос нь салгасан юм гэнэлээ. Саяхан НИТХ-ын сонгуулиар улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан Улаанбаатар хотыг байлдан дагууллаа. АН-ын 5А төлөвлөгөөний дотор агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, замын түгжрэл, ажилгүйдэл зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх зорилт тавьсан нь нийслэлчүүдийн эрх ашигт нийцсэн юм. Тэгвэл их хотын шинэ мээрийн нийслэлийн өнгө төрхийг өөд татах ажил хур хогийг цэвэрлэж зайлуулахаас эхэлбэл иргэдэд илүү бодитой, амьдралын хөрсөн дээр буусан ажил болж магадгүй. Би хувьдаа хотыг хогноос нь салгах нүсэр ажлыг нэг талаар бүтээн байгуулалттай зүйрлэмээр байна. Үүнийг улиг болж, урагшлахгүй байгаа их бүтээн байгуулалт, шинэ бүтээн байгуулалт зэргээс ялгарахуйц гоё бүтээн байгуулалт гээд олныг бужигнуулчихвал яасан юм. Зарим хогийг худалдаж авъя л даа. Хогон дундаас мөнгө ургадаг юм билээ.
Энэ хавар болсон Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнөөс жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд үлгэр жишээ болохуйц олон төсөл амжилттай хэрэгжиж, хоршин ажиллах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох иргэдийн санаачлага нэмэгдэх болсныг онцлон тэмдэглэж байсан. Тэдгээрийн нэг нь хогийг мөнгө болгож чадсан Дархан-Уул аймгийн “Сан оргиу” компанийн “Байгаль орчноо цэвэрлэн хамгаалж, хуванцраар хийж болох бүхнийг үйлдвэрлэнэ” гэсэн товч тодорхой зорилготой хаягдал боловсруулах жижиг үйлдвэр юм.
Ерээд оноос хойш зарим хүн зах зээлийн шуурганд уруудахад зарим нь харин сөрж боссон билээ. Г.Олонбаяр социализмын үед нэгдлийн зоотехникч хийж, амьдрал ахуй нь баталгаатай байлаа. Гэвч цаг хувьсаж, нэг л өдөр нэгдэл тарахад Дархан хотын хаяа бараадаж, үйлдвэрийн ажилчин болжээ. Харин хоёр жилийн дараа үйлдвэр нь үүдээ хаахад гудамжинд гарч, лааз өшиглөх дээрээ тулсан ч шулуухан хэлэхэд хог түүж, амьжиргаагаа залгуулж эхлэв. Архины шил, ундааны сав, шар айрагны лааз, гялгар уут гээд юу эс мундахав. Лаазыг өсгийдөж налчийлган, хуванцар савыг хайлуулж овор хэмжээг нь багасгана. Нэг өдөр хайлуулсан юмаа саванд хийгээд мартчихжээ. Мартчихсан юм нь хэдийнэ царцчихсан байж. Алхаар балбахад хагарах нь байтугай цав ч гарсангүй. Яг тэгэхэд мань эрийн санаанд нэгэн санаа гялсхийн орж ирэв. Тэр нь траншейны хуванцар таг. Хаягдал төмөр цуглуулж Хятадад гаргадаг дүйвээнээр тагаа хуулуулсан траншейны худгийн амууд ов онгорхой харлаж байлаа. Түүнийг битүүлэх гэж Дархан хотын захиргааныхны хувьд шүдний өвчин болж байсан цаг.
Г.Олонбаяр эхлээд гялгар уутнуудыг шатааж хайлуулан хэвэнд цутгаж, хүйтэн устай саванд хийж хөргөөд анхны тагаа хийсэн нь эгээ л мэлхий нинжаны бамбай шиг юм болов. Яс чанарын хувьд ёстой чулуу л гэсэн үг. Улмаар янз бүрийн хуванцар савыг хайчилж, зүсч жижиглэн хайлуулж түүхий эдээ бэлтгэнэ. Ингэж хаягдал гялгар уут, хуванцар сав цуглуулж, траншейны таг хийдэг “Гялгар уут” нөхөрлөл байгуулжээ. Энэ бол найман жил гаруйн өмнөх явдал.
Нөхөрлөлийн буйран дээр үйлдвэрлэлээ өргөжүүлсэн “Сан оргиу” компани өнгөрсөн хугацаанд 13 мянга гаруй тн хаягдал гялгар уут, хуванцар, пластик савыг дахин боловсруулж, траншейны худгийн найман янзын таг, арван төрлийн хайс хашаа, зургаан хийцийн сандал болон бохирын хоолой, хашааны шон, сүүдрэвч, хогийн сав зэрэг тавиад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдэлгээ сайтай, өнгө үзэмжтэй, зэвэрдэггүй хуванцар эдлэлүүд нь хот суурин газрын тохижилтод нэн тохиромжтой. Арван гр жинтэй нэг ширхэг гялгар уутыг хайлуулахад ганцхан гр болдог. Траншейны таг дунджаар 27 кг гээд бодвол 2700 ширхэг уут шаардлагатай. Энэ хэрээр орчны хог хаягдал цэгцэрч, эргэн тойронд намирах эрээн мяраан гялгар уутнууд хямгатай иргэдийн гараар мөнгө болж байна. Үйлдвэрийн шат дамжлага их энгийн. Түүхий эдээ худалдан авах цэгүүдэд цуглуулж, үйлдвэртээ авчирч цэвэрлэнэ. Дараа нь долоон төрлөөр ялгаж ангилаад буталж жижиглэн угаадаг. Ариутгах төхөөрөмжийн 300 хэмийн халуун ууранд оруулаад хэвэнд хийж цутгасан бэлдцийг хөргөж царцаан угсрахад бэлэн болгоно. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэхдээ хаана ч угсарч болно. Энэ технологи нь Монгол Улсын Засгийн газраас баталсан оюуны өмчийн 1632 тоот патентаар баталгаажжээ.
Хаягдал боловсруулах энэ жижиг үйлдвэр үндсэн 25 ажилчинтай, ажлын нөхцөл нэлээд хүндэвтэр бололтой. Гэсэн ч хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг мөрддөг, ажлын байр нь жилийн дөрвөн улиралд баталгаатай болохоор хорь гаруй өрхийн зуугаад хүний амьжиргааны нэгэн эх үүсвэр болж байна. Ажилчдынхаа ахуй амьдралын зарим ачааг хөнгөлөхийн тулд банкны зээлийн барьцаанд байсан найман айлын орон сууцны байшинг худалдан авч засварлан тохижуулаад хүүхдийн цэцэрлэг, ажилчдын байр болгожээ. Түүхий эдийн нөөц, зах зээлийн багтаамжаа дагаад өнгөрсөн оноос Улаанбаатарт салбараа нээсэн байна. Хятадууд манайд ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаг газар байхгүйг далимдуулан хуванцар савыг ихээр худалдан авч, газар дээр нь анхан шатны боловсруулалт хийгээд урагш гарган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, харин манайд буцааж экспортолдог байна. Гэтэл эднийхэн траншейны ширмэн тагийг дотооддоо хуванцраар орлуулан үйлдвэрлэснээр импортыг орлох бүтээгдэхүүний тоог нэгээр нэмжээ. Ийм траншейны таг манай улсын нийслэл, бүх аймаг, сумын төвд зайлшгүй хэрэгтэйг бодолцвол төгрөгөөр төдийгүй гадаад валютаар үнэлэгдэх нь гарцаагүй. Траншейны тагны бат бөх чанарыг таньсан “Энержи ресурс” компани хүнд даацын автомашины дугуйны ивээс захиалан хийлгэж байна. Уурхайчны хотхоноос гардаг цэвэр усны сав тойруу замаар том машины дугуйны ивээс болж байна гэсэн үг. Монголын ийм нэгэн жижиг үйлдвэр байгаль орчинд ээлтэй, хүний амьдрах орчныг сайжруулах үйлдвэрлэл явуулж буйг олон улсад ч олж харсан байна. НҮБ, АНЭУ, тус улсын Дубай хотын захиргаанаас хоёр жил тутам зохион байгуулдаг уралдаанд оролцсон дэлхийн 150 гаруй орны 4400 байгууллага, хувь хүний төслөөс хог хаягдал боловсруулж, ажлын байр бий болгосон үзүүлэлтээр “Сан оргиу” компанийн үйлдвэр алтан цом хүртжээ.
“Айлаас эрэхээр авдраа уудал” гэсэн үг бий. Нийслэлийн айл өрхүүдээс сар болгон хогны 2500 мянган төгрөгийн хураамжийг цахилгаан хэрэглэсний төлбөртэй хамт авдаг. Гэсэн ч гэр хорооллын гудамжинд ачиж зайлуулалгүй овоолсон хог хэл амны бай болсоор байна. Уг нь хот тохижилтын компанийн хариуцаж байсан энэ ажил “Хог хаягдлын сан”-гаар дамжин алба, аминых нь мэдэгдэхгүй болсноос буух эзэн, буцах хаяг тун тодорхойгүй болсон. Үлгэн салган иймэрхүү дамжлагын оронд хүмүүсээр хог хаягдлыг нь ангилж ялгуулаад зардаг болгоё. Түүнийг газар дээр нь худалдаж авбал хэн ч залхуурахгүй. Хаягдал цаас, нийлэг уут, хуванцар сав, архи дарсны шил, шар айраг, нөөшилсөн махны лааз гээд бүгд л хэрэгцээтэй газартаа хэрэгтэй. Нэг айлаас сард дунджаар 5-7 мянган төгрөгийн хог хаягдал гардаг. “Сан оргиу” компани шинэ салбараараа дамжуулан нийслэлийн зарим хороо, сургуулиудаас хаягдал хуванцар сав суулга аваад оронд нь ойр зуурын сандал ширээ , хогийн сав нийлүүлж байна. Нэг тн хуванцар материал 2,5 шоо метр ой мод хэмнэдэг. Нэг га ой өдөрт 250 кг хүчилтөрөгч үйлдвэрлэж, 280 кг нүүрсхүчлийн хий шингээдэг. Тэгэхээр Улаанбаатарын утаан хөшигний ард агаарт замхардаг хэдэн арван тэрбум төгрөгөөс хэдхэн саяыг хөрсөн дээр буулгаж, хог цэвэрлэгээнд зориулж болно шүү дээ.
Улсын хэмжээнд жилд 800 мянга орчим тн хог хаягдал үүсдгээс зөвхөн Улаанбаатарт 340 мянган тн ахуйн, 50 мянган тн барилгын, 10 мянган тн аюултай болон химийн, нэг мянган тн эмнэлгийн хог хаягдал гардаг. Ахуйн гаралтай хог хаягдлын 60 хувь нь цаас, 25-30 хувь нь төрөл бүрийн нийлэг материал, бусад нь төмөр, шил, шаазан, хүнсний зүйлийн хаягдал бөгөөд бүтэц нь улирлын чанараас өөрчлөгддөг байна. Иймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилж, дахин боловсруулах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, овор хэмжээг нь багасган устгахын тулд байгаль орчны багц хуулийн дотор Хог хаягдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн билээ. 2009 онд баталсан “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулиар 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг хүнсний бүтээгдэхүүнд баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглосон хэдий ч их хотын гудамж талбайд элдвийн гялгар уутнууд өнгө алагласаар л байна. Арвич хямгач нүдээр ажвал мөнгө болж харагдана гээч.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ