Засгийн газрын цэргүүд Алеппо руу хариу дайралт хийлээ

img

Сирийн иргэний дайн хурцадмал байдлаар үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Ассадын генерал, ойрын туслах Манаф Тлас энэ сард зугтан алга болсны эцэст анх удаа олон нийтэд ил гарлаа. Тэрээр ерөнхийлөгчийн дотоод хүрээллийнхний гол хүн, 10-р бригадын генералын чухал албан тушаал хашиж байсан ч Аль Арабия телевизээр хийсэн мэдэгдэлдээ Засгийн газрыг орхиж байгаагаа хэлсэн байна. Мөн Сирид чөлөөт ардчилал байгуулахын тулд нэгдэхийг ард иргэддээ уриалсан юм. Гэхдээ түүний байгаа газар одоо болтол тодорхойгүй хэвээр байна. Зэвсэгт босогчид хилийн зурвасууд болон хэд хэдэн хотыг эзэлсэн билээ. Тэгвэл Сирийн эдийн засгийн гол хот болох Алеппо руу Засгийн газар байлдааны онгоц, нисдэг тэргийг босогчид руу илгээн, цэргүүдээ холдуулсан байна. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн иргэний дайнд байлдааны онгоцыг ийм маягаар ашигласан нь анхны удаа болж байна. Нас барсан, шархадсан хүмүүсийн дунд жирийн иргэд, босогчид аль аль нь байгаа юм. Босогчид ийнхүү газар нутаг эзэлсэн явдал нь тэдэнд аюулгүй хоргодох байр бий болгож, дараа дараагийн арга хэмжээнд нь дэм болох болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Вашингтонд хийсэн мэдэгдлийн үеэр сануулан хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт босогчдод эзлэгдээд байсан нийслэл Дамаск хотын ихэнх хэсгийг Засгийн газрын цэргүүд эргүүлэн хяналтдаа аваад байна. Мягмар гаригийн мөргөлдөөний үеэр нийт 130 хүн нас барснаас 20 нь Алеппо хотод эрсэдсэн мэдээ байна. Тэр өдрийн хамгийн таагүй мэдээ нь Хама хотын ойролцоох тосгоны 20 иргэд сүмд мөргөл үйлдэх гэж яваад амиа алдсан хэрэг юм. Шариад оройн мөргөлдөө ирсэн хүмүүсийг Ерөнхийлөгчийн цэргүүд буудсаныг нэгэн босогч хэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Гадаадын сурвалжлагч нар маш хатуу хориг дунд ажиллаж байгаа учир хоёр талын мэдээллийг нягтлахад хүнд байгаа юм. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ